feature-top

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлүүд бэлчээрийн мал аж ахуйд хэрхэн нөлөөлж байгаа вэ?

Гамшгийг хэзээ, хаана, хэрхэн дараагийн хүнд сөрөг үр дагаварыг авчирч, ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хөгжлийн дэвшлийг устган сүйтгэхийг урьдчилан таамаглан хэлэх аргагүй билээ. Гамшигт үзэгдлүүд нь олон хүчин зүйлсийн улмаас хэзээ хаана, хэдийд ч тохиолдож болно. Тухайлбал байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, санхүүгийн хямрал, нийгмийн эмх замбараагүй байдлыг үүнд хамруулан үзэж болно.

 

Гамшиг нь улс орнуудын хил хязгаар, улс доторх засаг захиргааны бүсчлэлээс үл хамааран, үр нөлөө нь хөрш зэргэлдээ аймаг, сумдын хүрээнд тархаад зогсохгүй, хил залгаа улс оронд ч хүрч болзошгүй эрсдэлтэй.

Жишээлбэл 2011 онд Тайландад болсон үерийн улмаас маш олон улс оронд цахилгаан бараа, машин, бусад төрлийн бүтээгдэхүүний үйлдвлэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд доголдол гарсан. 2009-2010 оны хооронд Монгол улсад болсон зудны гамшигт нийт малчин өрх, мал сүргийн 50 гаруй хувь нь нэрвэгдсэн. Дөрөвдүгээр сарын эхэн гэхэд 75 000 малчин өрх мал сүргийнхээ талаас илүү хувийг нь зуданд алдсан байсан. Ингээд зогсохгүй зудны нөлөөллөөс болж Улаанбаатар хот руу шилжин ирэгсдийн тоо өсч, малгүй болсон малчид хот төлөвлөлтөд тусгагдаагүй, эрсдэл бүхий газруудад ирж суурьших нь ихэсч замбараагүй байдлаар хотыг улам их тэлэх болсон.

Гамшгийн сөрөг үр дагаварууд нь урьдчилан мэдэх аргагүй, цогц шинж байдалтай учир эдгээр сөрөг үр дагаваруулын түргэн хугацаанд шингээн авч, улмаар буцаж хэвийн байдалд нь оруулах чадвар бүхий тогтолцоо зайлшгүй байх шаардлагатай юм.

Иймээс аль ч шатны байгууллага, орон нутгийн иргэд, хувь хүмүүс нь сөрөг үр дагаваруудыг даван туулах чадвартай байх хэрэгтэй. Даван туулах чадвар гэдэг ойлголт нь олон салбаруудад маш өргөн агуулгатайгаар хэрэглэгддэг.

Тэгвэл Мал аж ахуйн орон гэгддэг манай орны хувьд малчдын даван туулах чадварыг нэмэгдүүлэх хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хөдөө орон нутагт нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг иргэдийн хувьд хаана амьдарч байгаагаас нь хамаарч тухайлбал Хятад дахь Төвдийн өндөрлөг бүс нутаг, Сомалийн Сахарын цөл, Монгол, Латин Америк гэдгээсээ шалтгаалан өөр өөр сөрөг үр дагавруудад өртөмтгий, эмзэг байдаг. Уур амьсгалын өөрчлөлт, эзгүй тал хээр нутгийн эзлэх талбайн багасалт, нийгмийн болон байгууллагын зохицуулалтад гарч буй өөрчлөлтүүд нь өнөөдөр байгаа эмзэг байдлыг улам хүндрүүлж байна. Хөдөөгийн нүүдэлчин ард түмэн нийгэм, эдийн засаг, байгаль орчны хөгжлийн асуудлуудад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Монгол улсын хэмжээнд нийт 3 сая хүн амын талаас илүү хувь нь мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс шууд хамааралтай амьдардаг. Энэ салбар нь ДНБ-ний 20 гаруй хувийг бүрдүүлдэг юм (ҮСХ, 2009). Тоон үзүүлэлтүүдээс илүүтэйгээр нүүдлийн аж ахуй гэдэг маань амьдралын, тэр дундаа амьжиргаагаа залгуулах үндсэн арга нь учир энэ бүлгийхэнд байгалийн сөрөг үр дагавруудыг амжилттай даван туулах нь хамгийн чухал байдаг.

 Монгол улсын Нүүдэлчин малчид ба гамшгийн эрсдэлд хэрхэн өртдөг вэ?

Хөдөөгийн нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч буй малчид нь зуданд маш эмзэг өртөмхий байдаг. 2010 онд тохиолдсон зуд нь хамгийн их хохирол учруулсан зуднуудын нэг бөгөөд үүний улмаас 8.5 сая толгой мал буюу 2009 оны үндэсний мал тооллогоор тоологдсон нийт малын 20 хувь нь эндсэн. 77,000 гаруй малчид зуданд нэрвэгдсэн ба тэдний 43,500 нь бүх малаа зуданд алдаж, харин 164,000 нь мал сүргийнхээ талаас илүү хувийг алдсан (UN, 2010). Үүнтэй ижил маш хүчтэй зуд 1999-2000 оны өвөл манай улсад тохиолдсон ба нийт газар нутгийн 70 гаруй хувь нь зуданд нэрвэгдэж, улс орны эдийн засгийн салбар тэр дундаа мал аж ахуйд томоохон хохирол учирсан (НҮБ, 2000).

Зудтай холбоотой бий болсон өөр нэгэн илэрхий үр дагавар нь хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн эрс нэмэгдсэн явдал юм. Жишээлбэл, 2002- 2012 оны хооронд хөдөөнөөс Улаанбаатар хотод 350,000 гаруй мянган иргэд шинээр ирж суурьшсан. Одоогоор Монгол улсын нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Эдгээр хотод шилжин ирж суурьшигчдын ихэнх нь зуданд малаа алдсан хуучин малчин иргэд юм. Тэд хот суурин газарт шилжин ирээд ядуу, ажилгүй, орлого багатай хэцүү байдалтайгаар амьдарч байна. Түүнчлэн хот төлөвлөлтөд ороогүй, олон нийтийн үйлчилгээ, дэд бүтэц хөгжөөгүй гэр хорооллуудад бууж суурьшдаг. Энэ нь тэднийг дахин өөр төрлийн аюулууд болох газар хөдлөлт, үер зэрэг аюултай үзэгдлүүдэд илүү эмзэг болгодог.

Сүүлийн арван жилүүдэд зудын гамшиг улам хүнд болохын зэрэгцээ тохиолдох давтамж нь улам ойртож байна гэсэн ойлголт нийтлэг байна. 2000, 2001, 2002 ба 2010 онуудад зуд болсон бөгөөд Монголын нийт хүн амын ихэнх нь энэхүү гамшигт нэрвэгдсэн (Mayer, n.d.).

Зураг 1 –д 1972 оноос 2012 оны хооронд гамшгийн улмаас эндсэн малын эзлэх хувийг харуулж байна.

1

Эх сурвалж: Монгол улсын Үндэсний статистикийн газар (2013)

Малчдын эмзэг байдлын үнэлгээ зайлшгүй хийх шаардлагатай юу?

Азийн гамшгийн бэлэн байдлын төв нь дэлхий дахинаа нүүдлийн аж ахуй эрхлэн амьдардаг хөдөөгийн хүн амд нийтлэг тохиолддог эмзэг байдлыг тодорхойлж, үнэлгээ хийсэн. Эдгээрийн зарим нь маш анхаарал татахуйц сонирхолтой асуудлууд байсан.

Уур амьсгалын өөрчлөлт  ба зуд

Манай орны хувьд жил дунджаар нийт мал сүргийнхээ 3 хүртэл хувийг алдсан тохиолдолд үүнийг хэвийнд тооцсоор ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд зуд болох давтамж, түүний аюултай байдал нэмэгдсэн гэсэн ойлголт түгээмэл байдаг.

Уур амьсгалын өөрчлөлт болон малчдын эмзэг байдлын хоорондын учир шалтгааны шууд холбоо байна гэж үзэх боломжгүй юм. Дэлхийн дулаарал нь газар тариалалтын хугацааг уртасгах мэт зарим нэг эерэг өөрчлөлтүүдийг авчирч байгаа хэдий ч ихэнх газар нутгуудад усны хомсдол, хуурайшилтыг бий болгож байгаа бөгөөд, бий болгосон эерэг үр дагаварыг ч үгүй хийх нь элбэг байна.

Температурын хэт халалт, хур тунадасны уналтын хэмжээ ихэсч, аадар борооны эрчим нэмэгдэх зэрэг нь бүгд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Үүгээр зогсохгүй энэ нь зудыг улам хатуу ширүүн болох, ойр ойрхон тохиолдоход нөлөөлсөөр байна.

Сүүлийн 100 жилийн дэлхийн дулаарлын дундаж утгыг бодвол Монгол орны хувьд энэ нь илүү хурдацтай, эрчимтэй явагдаж байна. Тухайлбал, 1941-2010 оны хооронд агаарын температур 2.1°C-аар өссөн байхад дэлхийн дундаж дулаарал  0.74°C байна. Монгол улс нь газрын гадаргын болон гүний усны нөөц багатайд тооцогддог улс юм. Нийт хур тунадасны уналтын 82-97% нь ууршилтаас үүдэлтэй. Агаарын температур нэмэгдснээр хөрсний гадаргын усны ууршилтыг хэмжээ 7-12%-иар ихэссэн байдал ажиглагдаад байна. Үүнээс шалтгаалан усны гачигдал үүсч, олон гол, мөрөн, нуур ширгэж, цөлжилт ба хөрсний доройтох явцыг эрчимжүүлж, элс шороон шуурга шуурах байдлыг нэмэгдүүлж байна. Зөвхөн нутгийн баруун хэсэг л мөсөн гол хайлах зэргээр түр хугацаагаар ус элбэгших эерэг үр дагавар ажиглагдаж байна. Жилийн дундаж хур тунадасны уналтын хэмжээнд өөрчлөлт ороогүй ч зун унах хур тунадасны хэмжээ ялимгүй буурсан байхад өвөл унах хур тунадасны уналт ихэссэн өөрчлөлт гарсан. Монгол улсын бэлчээрийн гарц  нь 6,7-р саруудад хур тунадасны уналтын хэмжээ, агаарын температурын мөн үеийн халалтаас шалтгаалсан харилцан адилгүй байдаг. Мал сүргийг услах усны хүрэлцээ, хангамж ч анхаарал татсан асуудал болдог. Өвөлдөө цас хэт унах нь эргээд мал аж ахуйд ноцтой нөлөөллийг бий болгодог учир нь цасан бүрхэвчээс болж мал өвс, тэжээл олж идэж чадахгүй, бэлчээрт гарахаар явж чадахгүйд хүрдэг. Тиймээс их хэмжээний цас орж, удаан хугацаагаар хөрсөн дээр байх нь малчдад хүндрэлтэй байдлыг үүсгэдэг. Ган, зуд ээлжлэн ойр ойрхон тохиолдох нь нүүдлийн мал аж ахуй, малчдын амьжиргаанд ноцтой үр дагавруудыг авчирдаг (Mayer, n.d.).

Мал сүргийн тоо толгойны хэт өсөлт гамшигт хэрхэн нөлөөлөх вэ?

Тодорхой зохицуулах хууль, эрх зүйн дүрэм журам байхгүй байх, хувь хүмүүсийн орлогын хойноос хэт хөөцөлдөх байдлаас болж мал сүргийн тоо толгой, тэр дундаа ямаан сүргийн тоо хэт өсч байгаа үзэгдэл гараад удаж байна. Малчдын орлогын гол эх үүсвэр нь ноолуур учраас ихэнхи аймаг сумдуудад малчид ямааг голлон өсгөн үржүүлж байна. Харин ямаан сүргийн хувьд бусад төрлийн малуудтай харьцуулахад модлог, тэжээлийн ургамлыг идэхдээ үндсээр ухаж, тасдаж иддэг учир түүний өсөлт нь экологийн хувьд сөрөг үр дагаврыг авчирдаг (Лхагвадорж, 2013). Өнөөгийн байдлаар Монгол улсын бэлчээр ашиглалт даацнаасаа аль хэдийнээ хэтрээд байгаа. Энэ нь малчдын зудын гамшгийг даван туулах чадварыг бууруулж байна (Mayer, n.d.).

 

1-1

Зураг 2д 1970-2012 оны хоорондох нийт мал сүргийн өсөлт, түүнд эзлэх ямааны өсөлтийн хувийг харууллаа.

Нүүдэл, бэлчээр сэлгэлт багассан нь бэлчээрийн даацыг хэтрэхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

Тээврийн зардал ихэссэнээр малчид хол газар бэлчээр сэлгэн нүүхээ больж нийтийн үйлчилгээ, худалдаа бараадан суурин газруудад ойролцоо нутаглах болсон. Судалгааны үр дүнгээс харахад Монголын малчдын 1/3 нь нутаг сэлгэн нүүхээ больсон бол өөр гуравны нэг нь нүүдлийнхээ тоо давтамж, зайг багасгасан байна (Лхагвадорж., 2013). Нүүдэл, бэлчээр сэлгэлт нь нүүдлийн мал аж ахуй нь хувьд маш чухал ба цаашилбал байгаль орчны эмзэг байдлыг хөнддөггүй. Харин бага нүүж, нутаг сэлгэхгүй байх нь бэлчээрийн даацыг дахин байгалийн жамаар сэргээгдэхгүй болтол нь талхалж, бэлчээрийн даацыг хэтрэхэд хүргэдэг.

1990 онд болсон бодлогын өөрчлөлт Мал аж ахуйд хэрхэн нөлөөлсөн бэ?

1990 онд хийгдсэн эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт нь Монгол улсын нүүдлийн аж ахуй эрхлэх байдал, менежментэд хол ойргүй хүчтэй нөлөөлсөн. Учир нь тус улсын ДНБ-ий 1/3-тэй тэнцэх хувийг Зөвлөлт Холбоот улсаас Монгол улсын засгийн газарт 1989 оны хүртэл дэмжлэг болгон үзүүлдэг байснаа 1991 он гэхэд бүрэн зогсоосон. Монгол улсын эдийн засаг коммунизм уналтын дараа бүхэлдээ хямарч өргөн олныг хамарсан ажилгүйдэл бий болсон. 1992 онд улсын үйлдвэрүүд хувьчлагдаж, хаалгаа барьж, ажилгүй болсон иргэд мал дээр гарцгаасан. Эдгээр ажилгүйдэл, хөдөө аж ахуйн салбарын хувьчлал гэсэн нийгмийн хүчинд зүйлсээс гадна, малын тоо өсөхийн хэрээр ашиг орлого  нь шууд нэмэгддэг эдийн засгийн хөшүүрэг нь малын өсөлтөд шууд нөлөөлсөн. Улс орон даяар малын тоо толгой өсч 1990 онд 22 сая байсан малын тоо толгой 2011 онд 40 сая болж өссөн (ҮСГ, 2011). Үүнээс гадна 1990 оны дундуур инфляци хувь гурван оронтой тоонд хүрэх үед малчид мөнгө хадгалахын оронд мөнгөө мал болгон хадгалж, зөвхөн бэлэн мөнгөний хэрэгцээнийхээ хэрээр малаа зарж борлуулдаг байсан. Энэ мэт хүчин зүйлсүүд малын тоо толгойг хэт нэмэгдүүлж, бэлчээрийн даацыг алдагдуулахад хүргэсэн.

Хуучин тогтолцооны үед байсан бэлчээрийн мал аж ахуй хариуцсан нэгдэл гэх мэт байгууллага, хариуцсан бүтэц тогтолцоо устаж алга болсноор худаг ус гаргах, сэргээн засварлах, бараа материалыг хангалтыг малчдад хүргэх, улирлын отор нүүдлийн зохицуулалт, хадлан тэжээл бэлтгэх зэргийг төрөөс нэгдсэн байдлаар анхаарч зохицуулах нь больж, малчид эдгээрийг өөрсдөө хийх болсон. Энэ нь малчдын ашиг орлогыг бууруулж, ядууралд хүргэж, тэдний эрхэлж буй аж ахуйн зөвхөн амьжиргааг нь залгуулах төдий үүрэг гүйцэтгэхэд хүргэсэн (Лхагвадорж., 2013).

Нүүдлийн буюу бэлчээрийн аж ахуй эрхэлдэг иргэдийн даван туулах чадварын нэмэгдүүлсэн тухай нөхцөлт судалгаанууд дурьдвал

Хойд Кенийн Исиоло аймгийн Борана сууринд үхрийн аж ахуйны оронд тэмээ өсгөсөн нь

Тэмээний гаралтай бүтээгдэхүүн нь Кенийн хуурай болон хагас хуурай газар нутгуудад оршин суугч малчдын өрхийн орлого бүрдүүлэх гол эх үүсвэр болдог. Энд Африк тивд амьдардаг нийт тэмээний 6 хувь нь амьдардаг. 1999 онд хийсэн тооллогоор Кени улсын нийт тэмээний тоо толгой нь 0,8 сая байсан бол  2009 онд хийсэн хамгийн сүүлийн мал тооллогоор 3 сая болж өссөн дүн гарсан. Эндээс нь уур амьсгалын өөрчлөлт ихээр явагдаж байгаа хэдий ч Кени улсад тэмээ өссөөр байгааг баталж байна. Зарим орон нутгуудад ард иргэд өөрсдийн эрхэлж байгаа мал аж ахуйдаа дайвар болгон тэмээ өсгөж үржүүлж эхэлсэн. Тэмээний аж ахуй нь хуурай улиралд илүү үр өгөөжтэй байдаг. Тэмээний говь цөл нутагт дасан зохицох биологийн болон физиологийн чадвар бусад малуудтай харьцуулахад маш өндөр юм.  Тэд хатуу ширүүн, хуурай нөхцөлд дасан зохицож амьдарч чаддаг, усгүйгээр олон хоног амьдарч, хуурайших, усгүйдэхийг илүүтэйгээр тэсвэрлэж чаддаг.  Тэмээ нь  говь цөлд амьдардаг бусад малуудтай харьцуулахад 6 дахин их сүү өгдөг  (Kagunyu and Wanjohi, 2014).

Этиопийн малчид хадлан тэжээл хадаж, тээвэрлэж байна

Нилээд олон жилийн өмнө Афар муж дахь Аваш Үндэсний хүрээлэн нь малчдын бэлчээрт хэрэглэдэг байсан томоохон хэмжээний газар талбайг хашин авч дархан цаазтай бүс нутаг болгон, мал сүрэг дотор нь бэлчээхийг хориглосон. Аялал жуулчлалаас ашиг орлого олж чаддаггүй байсан хэдий ч малчдын мал бэлчээрлүүлэхийг зөвшөөрөхгүй хэвээр байсан. Тиймээс малчид үндэсний паркын удирдлагуудтай нилээд хэдэн удаа уулзаж, асуудлаа тавьсан боловч нааштайгаар шийдэж чадаагүй. Эцэст нь малчид уг талбай руу орж хадлан өвс бэлдэн толгой дээрээ тавьж эсвэл тэргэнд ачин авчирч хуурай, гантай жилүүдэд малдаа нэмэлт тэжээл болгон өгдөг болсон. Орон нутгийн иргэд тэргэндээ илжиг, морь хөллөх зэргээр өвс татдаг болсон. Түүнчлэн орон нутгийн иргэдийн хуримтлал болгон өгсөн мөнгөөр тэрэг түрээслэн авч, хариуд нь бүлгийн гишүүддээ тэжээл тараадаг болсон.

Хадлан тэжээл хадаж, бэлдэхийн зэрэгцээ тэжээлийн нөөцийн менежментийн чиглэлээр олон зүйлийг хийснээр Төр, малчид хоорондын зөрчил буурсан, Зэрлэг ан амьтан болон тэжээмэл мал сүргийн хооронд халдварт өвчин тархах байдал буурсан, Эдийн засгийн үйл ажиллагааг санхүүжүүлэх хамтарсан санхүүгийн механизмыг боловсруулахад хүргэсэн. Эх үүсвэр: GebreMichael and Kifle, 2009

Бэлчээрийн нөөцийн хамтын менежмент – Монгол улс

 

1990-ээд оны эхээр хуурай тал хээр, ойт хээр, Алтайн уулархаг газар нутаг гэсэн бүс нутгуудаар бэлчээрийн хамтын менежментийн аргыг анх нэвтрүүлж эхэлсэн. Саяханаас ойт хээрийн бүсүүдэд энэ аргыг хэрэглэж эхэлсэн ба энэ нь тал бүрийн ач холбодолтой болох нь харагдаж эхлээд байна. 2001 онд анхны бэлчээрийн хамтын менежментийн бүлэг Архангай аймгийн Хотон суманд байгуулагдсан. Харин 2002 онд түүний хөрш зэргэлдээ сум болох Ихбулаг нь өөрсдийн хамтарсан бүлгийг байгуулсан. Малчид хамтаараа бүлэг болон ажиллахыг илүү үр дүнтэй, байгалийн нөөцийг хамгаалах, өөрсдийн амьдрал, амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой болохыг ойлгож, энэ талаар онцлон ярих дуртай болсон. Хамтын менежментийн бүлгүүд нь уулзалт хурлуудыг зохион байгуулж, хамтдаа юу хүсж байгаагаа,  зорьсон зүйлээ хэрхэн үр дүнтэй хийхээ хамтран хэлэлцдэг. Орон нутгийн иргэд нь аймгийнхаа засаг захиргааны байгууллагатай 2006 онд анх батлагдаж, 2010 нэмэлт өөрчлөлт хийгдсэн “Олон нийтэд суурилсан байгалийн нөөцийн менежментийн процедур”-ын дагуу бэлчээр ашиглалтын гэрээ байгуулдаг. Тус гэрээнд улирлын бэлчээр, ойн бүсийн хил хязгаар зэргийг тэмдэглэсэн газрын зургийг хавсаргадаг. Хамгаалалт, хэрэглэхтэй холбоотой бүхий л зохицуулалтын үүрэг болон хариуцлагууд орон нутгийг иргэдэд очдог. Гэрээний биелэлт, заалтуудыг жил болгон хянаж үздэг бөгөөд талууд шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шинэчлэх, өөрчлөх ажлуудыг хийдэг. Уг гэрээний оролцогч талууд болох малчид, орон нутгийн засаг захиргааны байгууллага, удирдлагууд, Байгаль орчин Аялал жуулчлалын яам зэрэг холбогдох төрийн яамдын үүрэг хариуцлага, оролцооны түвшинг гэрээнд тодорхой тусгаж өгөх нь чухал юм.

Нийтэлсэн:      Огноо: 2018-11-16 13:20:29 Уншсан тоо:  590

Таг:

Ангилал: Цэс-Мэдээ, мэдээлэл

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.