feature-top

Хавтангийн загвар ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх нь

Г. Хандмаа

Нийслэлийн “Орчлон” дунд сургуулийн бага боловсролын сургалтын менежер

khandmaa@orchlon.edu.mn

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх хүрээ: Бага боловсролын багш нар

Арга зүй, туршлагын онцлог: Энэхүү загварын арга нь тэгш өнцөгт хэлбэртэй зургаар загварчилж, асуудлыг шийдэх боломж олгодог төдийгүй сурагчдад бодлогын нөхцөл, олох зүйлийн холбоог харуулж, асуудлыг шийдэх зөв үйлдлийг сонгоход тусалдаг Сингапурын математикийн загвар аргa юм. Using models to solve word problems - Singapore Math /Bar models/ Математикийн шинжлэх ухааны анхны ойлголтуудыг судлахад бодлого гол үүрэг гүйцэтгэнэ. Өгүүлбэртэй бодлого бодох чадварын төлөвшилт хэр байна вэ? Аль ч түвшний нэгдсэн анализаас дүгнэж үзвэл сурагчдын өгүүлбэртэй бодлого бодох чадварыг сайжруулах шаардлага байна.

 Бага ангиас нь математикт суралцахад хэцүү биш гэдгийг л ойлгуулах нь чухал. Математикт суралцахад байнгын системтэй үйл ажиллагаа хэрэгтэй. Өмнөх тулгуур мэдлэгийг эзэмшээгүй байж шинэ материалыг эзэмшиж болдоггүйг байнга санаж ажиллавал зохино.

Арга зүйн шинэлэг тал:

     Бага насны хүүхэд илүү бодит зүйлийг хүлээн авч, мэдэрч, ойлгон ухаарах, нэгэнт цэгцтэй ойлголт, итгэл үнэмшилтэй болсон тохиолдолд хялбарчлах, хийсвэрлэх нь цаг хугацааны болоод нас, сэтгэхүйн онцлогт бүрэн нийцнэ. /Хүүхдийн танин мэдэх онцлогийг харгалзах нь/

Туршиж, хэрэгжүүлсэн байдал:

            Интернет, мэдээллийн технологи төдийлөн ашиглаагүй байх үедээ үзүүлэнг гараар хийж байснаа, бичвэрийг компьютероор хийж, зургийг олж наах зэргээр засан сайжруулж байсан юм. Энэ үед мөн өгүүлбэртэй бодлогыг төрөлжүүлэн заах нь үр дүнтэй байгаа нь сургалтын үр дүнгээс харагдаж байлаа. 1 дүгээр ангид дараах 8 төрлийн бодлогыг бодуулж төлөвшүүлснээр нэмэх, хасах үйлдлийн утга санаа, үйлдлийн гишүүд, тэдгээрийн холбоо хамаарлыг ойлгож, бодлого бодох анхны суурь тавигдана.

Орчлон ОУ-ын сургууль нь 2008 оноос Кембрижийн бага боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Кембрижийн бага боловсролын Mathematics хичээлийн хөтөлбөрийг үндэсний хөтөлбөр, сурах бичигтэй харьцуулсан судалгаа хийж, өөрийн сургуулийн математикийн сурах бичгийг зохиох багш нарын багт МУ-ын гавьяат багш Б.Сурмаажавын удирдлаган дор ажиллаж, өдгөө Орчлон сургуулийн 1-5 дугаар ангийн сурах бичгээ агуулга, арга зүйн хувьд шинэчлэн сайжруулж, 10 дахь жилдээ хэрэглэж байна. Энэ нь багш нарын хамтын ажиллагаа болон харилцан арга туршлагаа суралцах, заах арга, ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байлаа. Үүний зэрэгцээ өөрийн багшлах ажилдаа олж мэдсэн, өөриймшүүлж хэрэглэж дадсан арга туршлагаа нийт багш нарын хүртээл болгох, сурагч нэг бүрийн сурах арга барил эзэмшихэд хувь нэмрээ оруулах боломж бүрдсэн юм. 

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн: Хавтангийн загвар нь 1-2 дугаар ангид илүү үр дүнтэй байна. Тухайлбал:

·         Нэгж хэрчим гээд 1 дүгээр ангид зааж байхад геометрийн агуулга болох ХЭРЧИМ, түүний урт гэсэн ойлголттой холих, бага насны хүүхдэд эргэлзээ төрүүлэх, хэрчмийг бодитоор тусган хүлээн авч чадахгүй зэрэг бэрхшээл тулгарч байсан.

·         Хавтанг тууз, тэгш өнцөгт дүрс гэдгээр ойлголт өгөөд, 10-ын дотор бодож байх үед 10 юмыг дэвтрийн 10 нүдээр, 5 юмыг 5 нүдээр, 1 юмыг 1 нүдээр гэхчлэн дүрслэх нь хүүхдэд тоон төсөөлөл болон бодитоор тоолох, хурдтай нэмж, хасах үйлдэл гүйцэтгэж сургахад ихээхэн дөхөмтэй байдаг.

·         Зурсан хавтан загвараа өнгө ялган будах, зарим тохиолдолд өнгийн цаасаар хайчилж наах зэрэг нь хүүхдэд сонирхолтой бөгөөд энэ нь туулай, бамбарууш гэх мэт бодлогоо ойлгож бодоход хялбар.

·         20 дотор үйлдэл гүйцэтгэхэд баримжаалан зурах, их, багыг ялган урт, богино хавтан сонгож авч, бодоход бэрхшээл тулгарахгүй.

·         Товч бичиглэл нь дөнгөж уншиж, бичиж сурч байгаа үед 6 настнуудад тохиромжгүй, харин “Хавтан загвар” – ыг багшийн уншсан болон бодит үзүүлэн, бичлэгээс хараад, хүүхэд өөрөө дүрслэх боломжтой, урамтай, сонирхолтой хийж байгаа, хүүхэд өөртөө итгэлтэй, хурдтай болж, сургалтын үр дүн ахицтай, эерэг нөлөөтэй байна.

·         Мөн загвар ашиглаад, тооцоолон бодох, бодлого зохиож хэлэх чадвартай болж байгаа нь танин мэдэхүйн хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх түвшний даалгаврыг гүйцэтгэж байгааг илтгэнэ.

·         2р ангид хүрд таниулахад гол тулгуур ойлголтыг цэгцтэй, итгэл үнэмшилтэй өгнө.

·         Ижил нэмэгдэхүүний нийлбэр /Үржүүлэх үйлдлийн утга санаа/, тэнцүү хэсэглэн хуваах, агуулгаар хуваах, дахин ихэсгэх, багасгах гэх мэт

·         Дээрх бүх ойлголт, ухагдахуун нь дараа дараагийн ангийн шинэ хичээлийн суурь болно.

·         3 дугаар ангиас хугацаа хэмнэх, хурдтай ажиллах зорилгын үүднээс хавтан загвараа хэрчмийн арга руугаа оруулж болох юм.

 

 Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, процесс

 Хэсгийн тухай ойлголтод тулгуурлан хавтангаар загварчилна.

 Аливаа юмсыг тоогоор, хэсгээр гэсэн 2 янзаар тоолдог. Хэсгээ хэрчим бус, хавтан /тэгш өнцөгт, тууз/ - аар төлөөлүүлж байгаа юм.

 

 

 

    Хэсгээр 3 нэгж хавтан /Хавтан бүрт харгалзах юмсын тоо тэнцүү биш/ Арав хүртэлх тоо тооллын үед дэвтрийн дөрвөлжин нүдээр тоолж, нэгж хавтангаа сонгон, тоогоо бичнэ. 20 хүртэлх тоо тооллын үед нэгж хэрчим сонгодог зарчмаар баримжаалан зурна.

 

Хүн сонссон зүйлээ мартаж, үзсэн зүйлээ санаж, харин хийсэн зүйлээ сурдаг.

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 17:27:30 Уншсан тоо:  177

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.