feature-top

Залуу багш нарыг багшлах ажилд чиглүүлэх нь

Г. Нарангэрэл 

Нийслэлийн 20 дугаар сургуулийн сургалтын менежер

gnarangerel2005@gmail.com

 

Туршлагыг хэрэглэх хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүд

Туршлагын гол онцлог, шинэлэг тал:

 Багшийн ажлын гараагаа эхэлж байгаа залуу багш нарт багшийн ажлын чиг үүргийг ухаарч ойлгох, сургуулийн орчинтой танилцах, багшлах арга зүйд суралцах, өөр өөр арга барил, ажлын туршлагатай багш нартай хамтран ажиллахад нь сургалтын менежер мэргэжил, арга зүйн зөвлөгөөгөөр системтэй, дэс дараалалтай ханган ажиллах үүрэгтэй. Сургалтын менежерийн ажлын гараагаа эхэлж байгаа менежерүүд энэхүү үүргээ сайн биелүүлж, залуу багш нарыг багшлах ажилд чиглүүлэхэд арга зүйн дэмжлэг болно.

Туршиж хэрэгжүүлсэн байдал:

            2009 оноос хойш энэ арга туршлагаараа нийт 80 гаруй залуу багшид зөвлөн тусалж, ажлын байран дээр хөгжих боломжийг бүрдүүлж ирсэн. Мөн 2015, 2016 оны БМДИ-ийн эхний болон 5 дахь жилдээ ажиллаж байгаа сургалтын менежерүүдийн үндсэн сургалтад оролцогчдод болон сургуулийн туршлага судлахаар ирсэн хөдөө орон нутгийн 60 гаруй сургуулийн удирдлагатай энэ чиглэлээр туршлага солилцсон.

Туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн:

      Санаа зорилго нэгтэй байж, тэднийг дэмжиж, тэдэнд багшийн ажлын агуулга, ачаалал, ямар цаг хугацаанд ямар ажлыг хийж гүйцэтгэхийг ойлгуулан, тэдний амжилт болон азгүйтлыг хуваалцаж, урам хайрлаж чадвал залуу багш нар маань өөртөө итгэлтэй, өөрийгөө байнга хөгжүүлж байж зааж байгаа хичээл нь хүүхдийн сонирхлыг татах болно гэдгийг ухаарч, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, амжилттай ажиллаж чаддаг.

       Багшийн хөдөлмөртэй холбоотой хууль, дүрэм, журам, заавартай танилцсанаар хийх ажил нь ойлгомжтой, тодорхой болж, ажил дээр үл ойлголцол бага гарч, ажлын орчин, хамт олондоо хурдан дасан зохицдог.

       Сургалтын хөтөлбөр боловсруулах, хөтөлбөртөө шинжилгээ хийх, сайжруулах чадвартай болдог.

       Бие даасан судалгаат хичээл, олон ажиглагчтай хичээлийн судалгаагаар “Хүүхэд төвтэй” хичээлийн арга зүйд суралцан, хичээлийн бэлтгэлээ сайн ханган, хичээлээ сайжруулах арга барилд суралцдаг.

       Судалгаа хийж, судалсан зүйлээ боловсруулан илтгэж, тайлагнаж, бусдаас суралцаж сурдаг.

Туршлагын арга, аргачлал:

            Миний хувьд 16 жил сургалтын менежерийн ажлыг хийхдээ сургуульд шинээр орж байгаа залуу буй багш нарын дунд дараах үйл ажиллагааг тогтмол төлөвлөн явуулж, тэднийг багшлах ажилд дадлагажих, шинэ орчинд дасан зохицоход нь анхааран ажилладаг. Сургуулийн хамт олон, сургуулийн түүх, орчинтой танилцуулахаас ажлаа эхэлдэг. Шинээр ажилд орж байгаа багш нарт 9 сард багтаан сургалтын бусад менежерүүд, нийгмийн ажилтан, дотоод хяналтын ажилтантай хамтран дараах агуулгаар “Багшийн хөдөлмөр, түүний онцлог” сэдэвт 1 өдрийн сургалт явуулдаг:

            “Багшийн ажлын эрх зүй” сургалт. Энэхүү сургалтаар шинээр ажилд орсон багш нарт багшийн болон сургалтын менежер, нийгмийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, Боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай, Хүүхдийн эрхийн тухай зэрэг хуулиуд, багшийн ажилтай холбоотой бусад дүрэм журам, багшийн цалингийн шатлал, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний талаар тайлбарлаж, багшийн ажлын гол чиг үүрэг, агуулга, бүтэц, норм, багшийн эрх үүргийн талаар ойлголттой болгохоос гадна сургуулийн эрхэм зорилго, сургуулийн бүтэц зохион байгуулалт, сургуулийн дотоод журам, сургуулийн дүрэм, сургууль дотор багш, сурагчдын хичээл дээр болон завсарлагаанаар мөрддөг дэг, заах аргын нэгдэл, секцийн ажиллах журам, дотоод хяналтын журам зэргийг тайлбарлан хэрхэн мөрдөн ажиллах талаар зөвлөгөө өгдөг.

            “Багшийн хөтлөх бичиг баримтууд” ажлын зааварчилгаа өгөх дадлага ажил: Багшийн журнал, анги удирдсан багшийн дэвтэр, хувийн хэрэгтэй нэг бүрчлэн танилцуулж, тэдгээрийг хөтлөх зааврыг өгөн, гарч болох алдаануудыг урьдчилан сануулдаг. Багшийн тухайн хичээлийн жилийн үйл ажиллагааны болон өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөөний бүтцийг танилцуулж, тэдгээрийг хэрхэн боловсруулах, ямар ажлыг зайлшгүй төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй, тайлангаа хэрхэн бичих талаар тайлбарладаг. Улирал бүр багшийн журналын хөтлөлтийг шалгаж, хэрэгцээтэй зөвлөгөө өгч ажилладаг.

        “Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр” – дадлага ажил. БСШУС-ын сайдын баталсан бага, дунд, ахлах ангийн сургалтын төлөвлөгөөний зорилго, сургалтын төлөвлөгөөнөөс ямар мэдээлэл авч болох, түүнийг юунд хэрхэн яаж ашигладаг тухай тайлбарлан, тухайн хичээлийн жилийн сургуулийн сургалтын төлөвлөгөө, хичээлийн хуваарийг танилцуулдаг. Хэдийгээр залуу багш нар маань оюутны дадлагаар сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүйтэй танилцсан байдаг ч тэдэнд нэгж хичээлийн хөтөлбөр, ээлжит хичээлийн төлөвлөлтийн ялгаа, боловсруулах арга аргачлалыг заадаг.

        “Анги удирдсан багшийн ажлын чиглэл. Анги удирдахад анхаарах зүйлс, хүүхэдтэй ажиллах сэтгэл зүй, анги удирдсан багш нарын хийдэг судалгаа, хичээлээс гадуурх ажлын төлөвлөгөө боловсруулахад анхаарах зүйлс зэрэг асуудлаар нийгмийн ажилтантай хамтран зөвлөгөө өгдөг.

      “Идэвхтэй сургалтын аргууд” сургалт. Энэхүү сургалтыг олон жил ажилласан туршлагатай багш нарын тусламжтай явуулдаг. Багш нар маань залуу багш нарт хичээл дээр сурагчдыг идэвхжүүлэх, баг бүрдүүлэх, сурагчдын ялгаатай байдлыг харгалзах олон арга техникийг тайлбарлан жишээн дээр үзүүлдэг.

      “Өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах” дадлага ажил Залуу багш нарт ойрын 5 жилийн зорилгыг нь тодорхойлуулж, хичээлийн жил бүрд хийх хөгжлийн төлөвлөгөөг нь гаргуулдаг.

      Хичээлд ажиглалт хийж, зөвлөгөө өгөх. 9 дүгээр сард багтаан шинээр ажилд орсон залуу багш нарын хичээлд сууж, тэдэнтэй хичээлийн талаар ярилцан, хичээл, багшлахуй, суралцахуйн талаарх тэдний ойлголт төсөөллийг танддаг. Мөн түүнчлэн тэдний давуу тал болон ямар чиглэлээр тухайн багшид дэмжлэг хэрэгтэй байгааг олж харахыг хичээдэг. Ингээд улиралд 1 удаа тэдний хичээлд ажиглалт хийн зөвлөлдөн ярилцдаг.

      Мөн залуу багш нарын хичээлийн судалгааны баг байгуулж, хичээлийн судалгаа хийх арга зүйтэй танилцуулан, ахмад багш нараар заах арга зүйн зөвлөгөө өгүүлдэг. Цаашдаа залуу багш нар маань өөрсдийн судлагдахууны багаараа ижил мэргэжилтэй, туршлагатай багш нартайгаа хамтран хичээлийн судалгаа хийж, тухайн судлагдахууныхаа арга зүйг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг.

            Хичээлийн жилийн 4-р улиралд ур чадварын уралдаан, “Амжилттай сайн багшлахуй” арга зүйн зөвлөгөөн, хичээлийн судалгааны тайлангийн хурал зохион байгуулж, залуу багш нар өөр хоорондоо нэг хичээлийн жилд хуримтлуулсан туршлагаа солилцдог.

Туршлагыг ашиглахад анхаарах зүйл:

            Шинээр ажилд орсон багш нарыг багшийн ажилд дадлагажуулах, шинэ ажлын орчид дасан ажиллахад зөвхөн сургалтын менежерийн үйл ажиллагаа хангалттай бус сургуулийн бусад удирдах ажилтнууд, олон жил ажилласан туршлагатай багш нарын бүгдийн оролцоо чухал. Иймээс сургалтын менежер нь үйл ажиллагааны сайн төлөвлөлттэй байх хэрэгтэй.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 16:25:10 Уншсан тоо:  348

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.