feature-top

Чадвартай багшаас чадамжтай сурагч

Г.Лхамноржин

Дархан-Уул аймаг Шарын гол сум 2 дугаар сургуулийн сургалтын менежер

ganzoriglhamnorjin@gmail.com

Багш нэг бүрийг хөгжүүлэх арга зүй, технологи: Миний хувьд шинэ боловсон хүчин болох багш нартаа заах зөвлөх, чадваржуулах, арга зүйг нь оновчтой боломжтой хувилбаруудыг сонгон даган дуурайлгах аргаар хөгжүүлбэл тус дөхөм болох, чиглүүлэгч багшаа хэрхэн яаж сургаж болохыг судлан үзээд шинэ залуу багш нараа шүүмжлэх биш, багшийн онолын мэдлэг ба арга зүйг сайжруулах, сурагчдын суралцах үйл ажиллагааг дэмжсэн арга зүйг дадлагашуулах, хялбар дөхөм аргаар хичээлийг сонирхолтой ,оновчтой явуулах, арга замыг хамтын хүчээр эрэлхийлэн багш, сурагчдыг хамтад нь давхар хөгжүүлж болох боломжийг хангах нь ажлын гол зорилгоо болгон ажиллалаа. Багш нарын онолын мэдлэг, өөрт байгаа боломжоо дайчлах чадвар болон заах арга зүйгээ олж авахад нь анхаарч ажиллах, бусдад илэрхийлэх, заах хичээлийн онол мэдлэгийг хэрхэн яаж хялбар аргаар хүүхдэд түгээн хүргэх чадварыг сайжруулахын тулд сургалтын агуулга, онолын болон арга зүйн сургалтыг зохион байгуулж багшаа хөгжүүлэх олон талт сургалтыг явуулсан.

Шинээр багш болж байгаа залуу боловсон хүчиндээ хамгийн түрүүнд ээлжит хичээлийн төлөвлөлтийг сайтар хийхийг заан зөвлөж үлгэр жишээ бичилт хийлгэн улмаар сургаж тэдгээрийг дэмжин урамшуулах үйл ажиллагааг сургуулийн зүгээс ихийг хийдэг. Үүний нэгээхэн хэсэг нь залуу багш нарын дунд “Шилдэг конспект ба ээлжит хичээлийн төлөвлөлт бичих уралдаан”, “Шилдэг нэгжийн төлөвлөлт боловсруулах уралдаан“, “Залуу багш нарын ур чадварын уралдаан“ зэрэг хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг уламжлал болгон явуулж ирсээр байна.

1-5-р ангийн багш нар математикийн судлагдахууны сурах бичигт анализ хийж бодлогуудыг хэрхэн ямар хялбар аргаар бодох аргуудыг сурагчдад зааж өгч сурагч тэдгээр аргуудаас оновчтойг нь сонгон хэрэглэснээр багш өөрөө хөгжиж мөн сурагчдын сурлагын амжилт дээшилсэн нь харагдаж байгаа юм. Сургуулийн түвшний судалгааны 1 баг, мэргэжлийн судлагдахууны 14 баг ажилладаг. Сургуулийн түвшний хичээлийн судалгааг жилд 2 удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнгөрсөн хичээлийн жилд менежерүүд бид хичээлд ажиглалт хийхдээ багшийн бодлого бодох чадвар нь хэрхэн сайжирч байгаа, бодлогоо бодох аргаа хэрхэн сонгон авч хэрэгжүүлэж байгаа, зөв чиглүүлж хүүхдийн бодох чадварыг илрүүлэхүйц байдал хэрхэн тусгагдсанд голлон анхаарч ажиллаж байна.

·           Бага боловсролын багш Ц.Мөнхбаяр “Хэрчмийн аргаар өгүүлбэртэй бодлого бодох” арга үзүүлэх хичээл

·           Бага боловсролын багш Т.Золжаргал “Хүснэгтийн аргаар өгүүлбэртэй бодлого бодох” арга үзүүлэх хичээл

·           Бага боловсролын багш Ш.Уранцэцэг “Дугуйн аргаар өгүүлбэртэй бодлого бодох” арга үзүүлэх хичээл

Үүнээс багш нар маань ихийг сурч авч ажилдаа хэрэгжүүлснээс гадна бүс, улсын чанартай нэрэмжит олимпиад уралдаан тэмцээнд 2017-2018 оны хичээлийн жил 37 медаль болон түвшин ахиулах зэргийг авсан амжилтыг үзүүлээд байна.

Багш, анги, хүүхэд бүрийн ахиц амжилтын чадварыг үнэлэх арга зүй:

Багшийн ажлыг үнэлэх дүгнэх журам гарч багш нар ажлаа үнэлүүлж дүгнүүлэх болсноос хойш багшийн ажлын явц, гүйцэтгэлийн үр дүнг хичээлийн жилийн турш ахиц амжилтыг тооцох шалгуурыг гарган үнэлж дүгнэж багш бүрийн, хичээл бүрийн, даалгавар бүрийн, мөн цаашилбал хүүхэд бүрийн ахицыг тооцон үнэлэх шалгуур болж багшийн сурлагын үзүүлэлтээ харах боломжийг бүрдүүлж цаашид ажиллах тодорхой даалгавартай болгодог. Мөн сүүлийн 4-н жил 5-р ангийн төгсөх шалгалтыг текстээр авсныг харьцуулан ахиц бууралтаа дүгнэж үзлээ.

Мөн багшийн амжилт, чанар харахаас гадна багш нарынхаа даалгавар тус бүрийн гүйцэтгэл ангийн гүйцэтгэлийн ахиц, бууралтыг үнэлж дүгнэж сургуулийн түвшинг тогтоох нь бас миний ажлын үзүүлэлт болдог. Багш нэг бүр, ангиудын эзэмшсэн мэдлэг чадварын үнэлгээ, ахиц бууралтыг үнэлэх ажлын гол шалгуур бол мониторинг хийх юм.

 Үр дүн:

·         Нэгж, ээлжит хичээлийн хөтөлбөрүүдээ өөрийн заах арга дээр тулгуурлан бичиж, агуулгын залгамж холбоог сайжруулах, сурагчдын эзэмших чадваруудын жагсаалтыг анги бүрээр, судлагдахуун бүрээр зөв оновчтой тодорхойлж сургуулийн нэгж хөтөлбөр гаргасан.

·         Хичээлийн бэлтгэлийг багаараа хамтран хийж мэдээллээ солилцож туршлагаа нэмэгдүүлэн баяжуулж, багш бүр математикийн сурах бичгийн бодолт, анализыг хийдэг болсон.

·         Суралцагчдын гарааны үнэлгээ хийж, ахиц амжилтыг тооцон ажиллаж багшийн анги нийтийн судлагдахуун бүрийн мониторинг хийж дүгнэж үнэлсэн.

·         Сайн хичээл, сайн арга зүй технологио түгээн дэлгэрүүлж, цахим сайтуудад байршуулан, бусдаас суралцах зорилгоор өөр сургууль, аймаг хотуудын сургуулиудаар яван туршлага судалж өөрт хэрэгжүүлж суралцсан.

·         Улсын зөвлөгөөнд 3 багш оролцож арга зүйгээ түгээн дэлгэрүүлж, улсын технологийн санд хичээлүүдээ байршуулан, хичээлүүдийн төлөвлөлтийг эмхэтгэсэн гарын авлагад бүртгэгдсэн. Л.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 16:22:53 Уншсан тоо:  188

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.