feature-top

“Зөвлөх”, “Тэргүүлэх” зэрэгтэй багш нарын манлайлах аян

 Н.Маравжаа

 Ховд аймгийн Чандмань сумын сургууль сургалтын менежер

 chandmani9067@gmail.com

Туршлагын онцлог: Мэргэжлийн зэрэгтэй багшийн арга зүй, ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, хариуцлага хандлагыг сайжруулах, багш нарын манлайлал ёс зүйг нэмэгдүүлэх үүднээс “Зөвлөх, тэргүүлэх багшийн манлайлал” 7 хоногийн аяныг удирдамж, төлөвлөгөөний дагуу дараах үйл ажиллагааг амжилттай, үр дүнтэй зохион байгуулсан. Мэргэжлээ дээшлүүлнэ гэдэг нь хэн, хаанаас миний мэргэжлийг дээшлүүлэх бол гэж харж суух биш та өөрөө тэр мэргэжлийг эзэмшсэн бол өөрийгөө өөрөө тэтгэж бие даан мэргэжлээ дээшлүүлэх ёстой гэдгийг мартаж болохгүй. Багш хүн ажлын байран дээрээ мэргэжлээ дээшлүүлэх боломж байдаг. Түүнээс цухас дурдвал,

       ·         Мэргэжлийн ном сайн уншиж, судлах

       ·         Бусадтайгаа хамтарч ажиллах

       ·         Өөртөө байнга завгүй ажил гаргах

       ·         Зохион байгуулсан үйл ажиллагаанд заавал оролцох

       ·         Гарын авлага, зөвлөмж, илтгэл бичих

Энэ удаа “Зөвлөх, тэргүүлэх багшийн манлайлал” аяны хүрээнд хийсэн ажлаа туршлага болгон дэлгэж байна.

Туршлагыг хэрэгжүүлсэн байдал:

     ·          “Судалгаанд суурилсан илтгэл”-ийн уралдаан (Cудалгааг багш, ажилтан, суралцагч, эцэг эхчүүдээс авч илтгэлээ бичиж, судалгаанд үндэслэн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган өгдөг)

       ·         “Ахмадаа сонсъё” 7 хоногийн аян (Залуучуудыг шүүмжлэх бус ахмад багш нар арга, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлж зөвлөн тусалдаг)

       ·         “Тэргүүлэх багшийн манлайлал” аян (Сайн хичээл үйл ажиллагааг зохион байгуулж заах арга, ур чадвараа залуу багш нартаа түгээн дэлгэрүүлдэг)

      ·         Сурагч, эцэг эхчүүдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг (Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж цаашид зохион байгуулах үйл ажиллагаагаа төлөвлөдөг)

     ·         “Би бүтээлч багш” бүтээлийн уралдаан (Ардын уламжлалт тоглоом наадгайгаар хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх бүтээл хийж, сурагчдыг ардын уламжлалт ёс заншилд сургадаг)

·         Багш нарын дунд “Чин сэтгэлийн ярилцлага” (Багш нарт тохиолдож буй бэрхшээлүүдийг гарган ирж тэдгээрээс гарах арга зам, туршлагаасаа зөвлөн ажилладаг)

·         Улс тунхагласны өдрийг тохиолдуулан “Босоо бичиг мину” уралдааныг иргэд, суралцагч, багш, ажилтнуудын дунд зохион байгуулж сурагчдын ахиц амжилтыг тооцон ажилласнаар монгол бичгийн сургалтад ахиц гарч байна. Эдгээр үйл ажиллагааг зохион байгуулж хэвшсэн нь багш нар маань ажлын байран дээрээ хөгжихэд маш чухал түлхэц болж, багш нарын хамтын ажиллагаа сайжирч, залуу багш нарт урам, эрч хүчийг өгдөг.

Туршлагыг хэрэгжүүлэх зарим ажлын жишээ:

·         30 багшид арга зүйн зөвлөгөө өгч, харилцан туршлага солилцох

·         Ажилтнуудын дунд хэлэлцүүлэг

·         Эцэг, эхчүүдийн дунд хэлэлцүүлэг

·         Үзүүлэх хичээл

·         Чин сэтгэлийн ярилцлага

Ажлын амжилт бол хамт олон, эцэг эхийн итгэлийг хүлээж өөрөө өөртөө дүгнэлт хийж дутагдлаа засаж байх явдал юм. Багш хүн багшийн ёс зүй, биеэ авч явах соёлыг дээдлэх нь чухал. Мөн бусдаас сурах, бусдад зааж сургах, багш гэдэг нэр алдрыг өндөрт өргөж олны хүүхдийн төлөө зүрх сэтгэл, оюун санаа, үзэл бодлоо зориулах хэрэгтэй. Хүүхдийн хүмүүжлийг нэн тэргүүнд авч үзэж түүнд тулгуурлан сургалтаа явуулах нь үр дүнд хүрнэ гэж боддог. Анги хариуцан ажиллахдаа эцэг, эхчүүдтэй хамтран ажиллаж сурагчдыг урмаар хайрлан хүмүүжүүлэн, дэг журамд анхаарал хандуулж, ардын уламжлалд сургах талаар анхаарлаа хандуулан ажиллаж ирсэн.

Хүн насан туршдаа суралцана гэдэг үг ямар үнэн болохыг мэдэрч явна. Ямар үед амжилт гарч, ямар үед цагийн алдагдалд орж байгаагаа дүн шинжилгээ хийж ажиллан шинэлэг санааг сэдэж байх нь чухал.           Багш гэдэг зөвхөн нэр төдий биш мэргэжлийн өндөр чадваржсан мэргэжилтэй, хүүхдэд хайртай, тэднийг ойлгодог, тэднийг сонсдог, тэдэнд урам өгдөг, эцэг, эх-сурагч-багшийн холбоог сайжруулан тэдэнд зөвлөдөг байх нь чухал юм. Монгол арга ухаан, монгол зан заншил, ахачлах дүүчлэх ёс жаяг эрхэм дээд хүндлэлд суралцах нь хүүхэд бүрийн эрхэм үүрэг гэдгийг багш бүр бодох ёстой билээ. Хүүхэд бүр тоочин биш амьдралын ухааанд суралцах л хэрэгтэй.

Туршлагын үр дүн:

·         “Зөвлөх, тэргүүлэх багшийн манлайлал” аяныг зохион байгуулснаар хамтран ажиллах таатай уур амьсгалыг бүрдүүлсэн.

·         Эцэг, эхчүүд, залуу гэр бүлд хүүхдээ хүмүүжүүлэх арга зүйн сургалтуудыг тасралтгүй зохион байгуулах хэрэгцээ байгааг олж мэдсэн.

·         Тэргүүлэх зэрэгтэй багш нарын багшлах арга зүй, ур чадвараас суралцсан.

·         Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаандаа эцэг эх, сурагчдын саналыг тусган ажиллахаар болсон.

·         Эцэг, эхийн хэлэлцүүлгээр дунд ангиуд анги бүрдээ хэрэгжүүлэх зорилтоо гаргасан. Жишээ нь: Б.Ариунцэцэг багштай 7б анги “Өглөөний цайгаа ууж хэвшье”, Т.Энхболд багштай 6а анги “Гэрийн даалгавраа хийж хэвшье” гэх мэт зорилт тавин ажиллаж эхэллээ. Багш, сурагчдын эерэг харилцаа бүрдэн сурагчдаас багш нартаа чин сэтгэлийн үгэн хадаг барьсан.

·         Багш нарын дунд “Чин сэтгэлийн ярилцлага” –ыг тус тус зохион байгуулснаар залуу багш нарт тохиолдож буй бэрхшээлүүдийг гарган ирж тэдгээрээс гарах арга зам, туршлагасаа зааж зөвлөн ажилласан.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 16:20:15 Уншсан тоо:  168

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.