feature-top

Эцэг эхийг сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах нь

Б. Булгамаа

Говь-Алтай аймгийн 3-р сургуулийн сургалтын менежер

bulgamaa99@mail.ru

Гол онцлог, шинэлэг тал: Хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, сургалтын хөтөлбөрийн агуулгыг эцэг эхчүүдэд ойлгуулснаар хүүхэдтэйгээ ажиллах арга зүй сайжирч, хүүхдийн хөгжил төлөвшилд эерэг өөрчлөлт гардаг.

Туршиж хэрэгжүүлсэн байдал:

2008-2009 оны хичээлийн жилд зургаан настай хүүхдийг сургуульд элсүүлэн сургаж эхэлсэн үеэс эхлэн туршиж эхэллээ. Учир нь зургаан настай хүүхдийн хувьд найман настай хүүхдээс эрс ялгаатай, хүүхдийн хөгжлийн хувьд асар өндөр гэж хэлж болно. Ялангуяа мэдээлэл технологитой харьцах чадвар сайн байгаа нь ажиглагдаж байна. 6 настай хүүхэдтэй ажиллахын тулд эцэг эхтэй нь ойр ажиллах хэрэгтэй. Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх хичээлийг олон хэлбэрээр зохион явуулдаг туршлагаас хуваалцаж байна.

     1.     Амжилтын үндэс болсон харилцаа хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр. Дэлхий дээр амжилтад хvрсэн хvмvvс биднээс “сэтгэлгээ”-гээрээ л ялгаатай байдаг. Үнэхээр сайн яваасай гэсэндээ л хэлдэг боловч хэлж буй арга, ашиглаж буй үг хэллэг нь үр хүүхдээ дээш биш доош чангаасан буруу үйлдэл болдог байна. Иймээс “Эерэг сэтгэлгээ-Амжилтын үндэс”, “Үг хамгийн хүчтэй зэвсэг”, “Далд ухамсар”, “Гэрлэн бие”, “Цагийн менежмент”, “Зөв хооллолт-эрүүл явахын үндэс” зэрэг сэдвүүдээр эцэг эхчүүдэд хичээл зааж хүүхэдтэйгээ зөв харьцах дадал хэвшилд сургаж байна. Ангидаа эерэг сэтгэлгээний номын сантай болж, эцэг эх, багш нар, суралцагчид ном унших хөдөлгөөн өрнүүлдэг ба номоо баяжуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

    2.     Эцэг эхийн сургалтыг өртөөчилсөн хэлбэрээр зохион байгуулдаг. Хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, сургалтын хөтөлбөрийн агуулгаар бүлгийн багш нар хамтран сургалт хийж хэвшсэн. Энэ нь хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшихэд багагүй хувь нэмэр оруулж байдаг. Мөн эцэг эхчүүд өөрийн мэргэжил ур чадвараар сургалт хийж өөрийн туршлагаа бусадтай хуваалцаж хэвшсэн.

    3.   Эцэг эхийн дунд уралдаан тэмцээн явуулах нь үр дүнтэй байдаг. Эцэг эхийн дунд “Аав ээж би”, “АХА” гар бөмбөг, шатар даамны тэмцээн явуулдаг нь бие биеэ ойлгох, найрсаг харилцаа тогтоох, хамтран ажиллах чадварт сургадаг сайн талтай юм.

    4.   Нэгдүгээр ангийн эцэг эхийг сургалтын хэрэглэгдэхүүн хийхэд татан оролцуулдаг. Эцэг эх багшид туслах зорилгоор үзүүлэн тараах материалаа 7 хоногт хамт сууж хийдэг. Зөвхөн хичээлийн хэрэглэгдэхүүн хийж өгөөд зогсохгүй сургуулийн хүндэт самбар, жижүүрийн өрөөг эцэг эхийн хүчээр тохижуулсан.

5.   Бие биедээ туслах хөдөлгөөн өрнүүлдэг. Зах зээлийн үед амьжиргаагаа залгуулахын тулд олон аав ээжүүд худалдаа наймаа эрхлэх, мал ахуйгаа адгуулан маллах ажилд зүтгэснээр үр хүүхэд нь бие дааж амьдрах байдал ихэссэн. Хүүхдэдээ тавих хараа хяналт суларсан байдал ажиглагддаг. Иймээс “сурагч-багш”-ийг ажиллуулж найздаа туслах хөдөлгөөн өрнүүлдэг. Ингэснээр сурлагын хоцрогдлоос сэргийлэх нэг арга замыг тодорхойлж байна.

6.  Улиралд нэг удаа эцэг эхийн нээлттэй өдрийг явуулдаг ба энэ үед эцэг эхчүүд сургууль багшийн үйл ажиллагаатай танилцаж өөрийн үнэлэлт дүгнэлтээ өгч хэвшсэн.

7.   Цахим орчноос хол хөндий байж амьд харилцааг бий болгох зорилгоор орой бүр гэр бүлээрээ гар утас түүнтэй адилтгах төхөөрөмжөөс хол хөндий байж гэр бүл үр хүүхдэдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Хайр бэлэглэх-30 хором” сэдэвт ажлыг явуулж хэвшүүлээд байна.

8.     Залуу эцэг эхчүүдэд туслах зорилгоор багш гэрт нь очиж арга зүйн зөвлөгөө өгч хэвшсэн.

Энэ хичээлийн жилд хүүхэд нь ямар түвшинд хүрсэн байх зорилгыг тодорхойлон түүний дагуу үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллахын зэрэгцээ хамтын хичээлийг явуулж хэвшсэн билээ. Эцэг эхчүүдийг сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах олон аргуудыг хэрэглэснээр хүүхэдтэйгээ ажиллах арга барил сайжирч, сурган хүмүүжүүлэх мэдлэг хандлагад ахиц гарч, сурлагын чанарт нэлээд сайнаар нөлөөлж байна.

“Багш-эцэг эх-сурагч”-ийн гурвалсан холбоог бэхжүүлж чадсанаар нэгэн зорилгын дор хамтдаа чиглэж сурлагын хоцрогдолгүй анги хамт олныг төлөвшүүлж ирлээ.

Эцэг эхийн зүгээс,

·         Хүүхэдтэйгээ хамт инээж, тоглож, баясаж байх

·         Хүүхдээ зоригжуулж итгэж найдаж байгаагаа харуулж байх

·         Хүүхэдтэйгээ хамтран хичээл хийж хэвших

·         Хүүхдэдээ бэрхшээл тохиолдсон үед нь дэмжлэг үзүүлж тусалж байх

·         Цагийг нь олж хүүхдээ урамшуулж, магтаж байх нь хүүхэд хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 Ирээдүй хойч үеэ эрүүл чийрэг биетэй, эрдэм боловсролтой иргэн болгон төлөвшүүлэх нь иргэн бүрийг үүрэг. Иймээс эцэг эх асран хамгаалагчийг сургалтын үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр татан оролцуулах нь өнөөгийн нийгмийн зүй ёсны шаардлага юм.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 15:53:45 Уншсан тоо:  151

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.