feature-top

Хамтын хичээл

Б.Цэцгээ

Нийслэлийн Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн түүх, нийгмийн ухааны багш

tsetsegjims64@gmail.com

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: 11 дүгээр ангийн түүх, уран зохиолын хичээл

Гол онцлог: Орчин үеийн боловсрол нь шинжлэх ухааны олон салбаруудын ойртон нягтрах, хүний мэдлэг нэгдэн нийлэх зүй тогтолт үйл явц буюу интеграцийн тусгал болж байна. Хүүхдийг амжилттай сургахад хичээл хоорондын холбоо, агуулгын залгамж холбоог судалж түүнийг шийдвэрлэхийн тулд багш нар зайлшгүй хамтарч ажиллах шаардлага гарч ирж байгаа нь практикаас харагдаж байна. Мөн сурагчдын ертөнцийг үзэх үзлийн төлөвшилт түүний бүх талын хөгжил нь шинжлэх ухаануудын үндсийг нэгдмэл тогтолцоотой заах шаардлагагтайг дэвшүүлж байна.

Энэхүү хамтран ажиллах арга ухаан нь багш-сурагч, багш-багш, сурагч-сурагч гэсэн харилцаагаар тодорхойлогдоно. Багш нарын хамтын ажиллагаа, хандлага нь хүүхдийг хамтран суралцах урлагт сургадаг.

Багш нар хамтарч ажиллах хэрэгцээг судлагдахуунаар нь үзүүлэхэд:

Түүх, нийгмийн ухааны боловсролын цөм хөтөлбөрийг судалж үзэхэд дэлхийн түүхийн хичээлийн 35% нь, монголын түүхийн хичээлийн 32%, нийгмийн ухааны хичээлийн 18% нь бусад хичээлтэй агуулгын залгамж холбоотой бөгөөд үүнээс уран зохиол, газар зүйн хичээл 70%-ийг эзэлж байна. Тиймээс багш нар хамтарч ажиллах шаардлагатай болох нь эндээс харагдаж байна. Түүхийн хичээл, уран зохиолын хичээлийн агуулгын залгамж холбоог судалсны үндсэн дээр “Монголын нууц товчоо зохиол бол түүх, уран зохиолын дурсгал бичиг мөн” сэдвээр 11 дүгээр ангид интеграци хичээл заасан. Энэ хичээлийг түүхийн багш, уран зохиолын багш хоёр хамтарч зааснаар дараах үр дүн гарсан.

·         Хичээл хоорондын залгамж холбоо сайжирч сурагчдад салангид биш нэгдмэл цогц мэдлэг, чадвар төлөвшсөн.

·         Багш - багшаасаа суралцаж хөгжсөн.

·         Агуулгын залгамж холбоо, хичээл хоорондын холбоог судлагдахуун бүрээр гаргасан.

“Хамтын хичээл” зохион байгуулах арга аргачлал:

Сэдэв:  Монголын нууц товчоо бол түүх, уран зохиолын дурсгал бичиг мөн.

Хамрах хүрээ: 11 дүгээр анги

Уран зохиол, Монголын түүхийн хичээлийн цөм хөтөлбөрт тусгагдсан Монголын нууц товчоо зохиолыг судлахад агуулгын залгамж холбоо үүсдэг. Гэтэл түүхийн хичээл нь түүхэн үйл явдлын дараалал, шалтгаан, эх сурвалж, түүхэн газар нутаг, түүхэн сургамжийг голчлон харин уран зохиолын хичээл нь зохиолын хэл найруулга, уран сайхан /дүрслэх хэрэглүүр/, яруу сайхан бичих, унших, ярих мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд тулгуурладаг. Иймээс уг 2 хичээлийг хамтатган интеграци хичээл заавал илүү үр дүнтэй болох юм.

Хичээлийн явц:

Зохиолын эшлэл

Уран зохиолын багш

Түүхийн багш

Асуудал дэвшүүлэн тавьж байр сууриа илэрхийлэх аргаар сэдэлжүүлэх

Монголын нууц товчоо зохиол уран зохиолын дурсгал уу?

Монголын нууц товчоо зохиол түүхийн дурсгал уу?

Одтой тэнгэр орчиж

Олон улс байлдаж

Орондоо орх завгүй

Олзлон булаалдаж байлаа

Уран зохиолын багш эшлэлийг уран яруу уншиж ямар зохиол болохыг асууж сэдэлжүүлэн хичээлийг эхлүүлнэ.

Түүхийн багш дууссаны дараа УЗ-ын багш уг түүхэн үйл явдлыг зохиолд уран сайхны ямар дүрслэх хэрэглүүр ашиглан дүрсэлснийг асууна. /Чимэг үг/

Эшлэлд түүхэн ямар цаг хугацааг илэрхийлж байгааг асууна.

·         Он тооллын бодлого бодуулна

·         Цаг хугацааг зуунд шилжүүлэх

·         Зууныг онд шилжүүлэх

·         Олон улс гэж ямар ямар ханлиг, овгууд байсныг нэрлүүлж газрын зурагт ажиллуулна.

Ширмэн төмөр магнайтай

Шивээ хурц хэлтэй

Ган төмөр зүрхтэй

Гадас цүүцэн хошуутай

Эшлэлийг уран зохиолын багш уран яруу уншиж сонсгоно.

Уран зохиолын багш уг түүхэн үйл явдлыг уран сайхны ямар дүрслэх хэрэглүүрийг ашиглан дүрсэлснийг асууна. /Хэтрүүлэл/

·         Уг эшлэлийг хэн хэлсэн?

·         Хэнд хандаж хэлсэн?

·         Ямар үйл явдал болж байхад хэлсэн?

·         Энэ хүн ямар хүн хэн бэ?

Хавиргаа хазах хар нохой мэт

Хаданд довтлох

Харцага шонхор мэт

Нүдэндээ галтай

Нүүрэндээ цогтой

 

Сүүдрээс өөр нөхөргүй

Сүүлнээс өөр ташуургүй

 

Өндөр дээд Халдун чамайг

Өглөө бүр мялааж байя

Өдөр бүр тахиж байя

Үрийн үрд

Үүрд тахиж

Үе тутам

Үргэлж шүтье

Уран зохиолын багш эшлэлийг уран яруу уншиж сонсгоно.

Уран зохиолын багш түүхэн үйл явдлуудыг уран сайхны ямар дүрслэх хэрэглүүрээр дүрсэлснийг асууна.

·         Зүйрлэл

·         Магтаал

·         Адилтгал

·         Мэргэн үг

Уг эшлэлүүдэд түүхэн ямар үйл явдлыг дүрсэлснийг асууж ярилцана.

Түүхэн зүтгэлтэн ямар хүмүүсийн тухай гарч байгааг ярилцана.

Тэдгээр түүхэн зүтгэлтнүүдийн үйл хэрэгт үнэлэлт, дүгнэлт өгнө.

Түүхэн газар нутаг, цаг хугацааг тодорхойлж өнөө үетэй холбоно.

 

Бататгал, дүгнэлт

Хичээлийн эхэнд дэвшүүлэн тавьсан байр сууриа бататгана.

Түүхэн хэрэг явдлыг уран сайхны аргаар илэрхийлсэн учраас түүх - уран зохиолын дурсгал мөн.

 

Хамтын хичээл 3 үе шаттай явагдана. Үүнд:

v  Хичээлд хамтарч бэлтгэх

v  Хичээл заах

v  Хичээлийн судалгаа хийх

Багш нар хичээл хоорондын холбоог хэрэгжүүлэхдээ хэд хэдэн үе шатыг ашиглаж болно.

Ø  Судлагдахуунуудын стандарт, сургалтын хөтөлбөрийг судлах

Ø  Сургалтыг нэгдмэл хэлбэрээр явуулах арга зүйг боловсруулах /бататгал дүгнэлт хичээл, аялал экскурс, дугуйлан г.м/

Ø  Хичээл хоорондын холбооны хэрэгжилтийг үнэлэх арга хэрэгслийг боловсруулах г.м

Хичээл хоорондын холбоог сургалтад нэвтрүүлэхдээ тэдгээрийн хэлбэрүүдийг нарийвчлан авч үзэх нь чухал юм. Үүнд:

·         Баримтын түвшин дэх хичээл хоорондын холбоо

·         Ухагдахууны түвшин дэх хичээл хоорондын холбоо

·         Онолын түвшний хичээл хоорондын холбоо 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 15:07:11 Уншсан тоо:  182

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.