feature-top

Түүх нийгмийн ухааны хичээлээр оюуны зураглал ба бүтээлч сэтгэлгээний арга хэрэгслийг эзэмшүүлэх арга зүй

Т.Цэвэгмэд

Увс аймаг, Өмнөговь сумын 1-р сургууль, түүх нийгмийн ухааны багш

gerelt@yahoo.com

 

Багшаас сурагчид “Номлон сургах” хуучин тогтолцоо үеэ өнгөрөөж, багш, суралцагчийн “суралцахуйд суралцах” шинэхэн хандлага, тогтолцоо бүрэлдэж байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүддээ юу сурах ёстойг бус хэрхэн сэтгэх, өөрчлөх, бүтээхийг заах цаг болжээ.

Хамтдаа... ”Бид шинэ эрин рүү орж ирлээ. Хуучин арга, шийдвэр одоо хэрэг болохгүй. Бидэнд шинэ үзэл санаа, сэтгэлгээ, төсөөлөл шаардлагатай байна. Бид өнгөрсөн үеийн номхруулах цамцнаас салах хэрэгтэй” гэсэн генерал Дугласын үгийг эрэгцүүлэн хэдэнтээ бодьё. Та ямар багш вэ? Аялдагч уу, дагалдагч уу? Идэвхтэн үү, санаачлагч уу? бүтээлч үү?

Багш бүр өөрийгөө шинжиж цаг үе, орчноо мэдэрч, суралцах үйл ажиллагааны мэдэхүйд, бүтээхүйд, оршихуйд, хамтрахуйд суралцах дөрвөн зарчмаа сэргээн санаж \ЮНЕСКО-1996 оны Делорын илтгэл\ тогтолцоот сэтгэлгээний, урьдчилан тооцоолох, хэм хэмжээний, стратегийн, хамтран ажиллах, шинжлэлт, өөрийгөө таних, асуудал шийдвэрлэх найман цогц чадамж \Дэлхийн 2015 оны Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санаа,баримтлал 2030\-ийг мөр болгосон. Монголын боловсролын цөм хөтөлбөрөө хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх сайн арга замын эрэлд мордож буй энэ үед оюуны зураглал болон бүтээлч сэтгэлгээний шинэлэг арга хэрэгслүүдийг өөрөө эхлэн сурч улмаар шавь нартаа эзэмшүүлэх аваас нэгэн мөрний түшиг болох буй за.

Оюуны зураглал нь танхимын богино хугацаат хичээлийн үед суралцагчид хамтран мэдлэгийг системээр нь дүрслэн харах, задлан шинжлэх, мэдээлэл боловсруулах нэгтгэх, асуудал шийдвэрлэхийг дөхөмчлөх ба бүтээлч сэтгэлгээ хөгжүүлэх,с уралцахуйн хэв шинж, түвшин, ахиц, төлөвшлийг тодорхойлох, олон талт оюуны чадамжийг илрүүлэх суурь арга зүй юм.

2005 онд Монголын оюуны чадварын IQ төвөөс эрхлэн гаргасан АНУ-ын оюуны зураглалын талаар нэрд гарсан Тони Бьюзон, Бари Бьюзон нарын уураг тархины хүчин чадлыг бүрэн ашиглах цацаргах сэтгэлгээний тухай “Оюуны зураглал” номыг авсан үеэс эхлэн танхимын хичээлд хэрхэн ашиглах арга зүйг ТНУ-ы хичээлд туршин хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдүгээ бүтээлч сэтгэлгээний шилмэл аргуудтай хослуулан, өөрсдийн санаачилсан өвөрмөц арга хэрэгслүүдээр баяжуулан хичээлдээ ашиглаж байна. Энэхүү арга туршлагаа 2015 онд өөрийн сургуулийн багш Д.Ганцэрэнтэй хамтран “Бүтээлч сэтгэлгээний шинэлэг арга хэрэгсэл” ном хэвлүүлсэн билээ.

Уламжлалт ба оюуны зураглалтай хичээлийн ялгаа, өөрчлөлт

Уламжлалт хичээл

Бүтээлч хичээл

Суралцахуйн үйл хязгаарлагдмал, академик хандлагатай

Суралцахуйн үйл нээлттэй, прагматик хандлагатай

Багш хичээлийг сэдэлжүүлдэг

Сурагчид хамтын зорилгоороо сэдэлждэг

Сурагчдын ганцаарчилсан өрсөлдөөнт оролцоо давамгайлдаг

Хүүхэд бүр авьяас чадвар, хувийн онцлогоороо хамтарч жигд оролцдог

Багшийн тогтоосон хэмжүүрээр үнэлэгддэг

Суралцагчийн өөрийн ахиц амжилтыг харгалздаг

Судлагдахууныг дэс дараалан судалдаг

Агуулгаас чухлыг сонгодог

Сургах арга барил зонхилдог

Суралцах арга ухаан зонхилдог

Хичээл хоорондын холбоо механик

Хичээл хоорондын холбоо амьд

Зүүн тархины үйл давамгайлдаг

Зүүн баруун тархины үйл тэнцвэртэй хослодог

 

Энэхүү суралцахуйн арга хэрэгслийг эзэмшсэн сурагчид өөрийн мэдлэг, чадвар, дадлаа танил нөхцөлд, өөр хичээлд чөлөөтөй ашиглаж чаддаг. Хүн оюуны зураглалыг хүсвэл хэзээ ч сурна. Харин уламжлалт хэвшмэл сургах арга барилд дассан сурагчдад шинэ зууны бичиг хэмээгддэг оюун зураглал заах, суралцахуйн шинэ арга хэрэгсэл эзэмшүүлэхэд багшийн зүгээс нэлээд хүчин чармайлт арга барил шаардагддаг.

Хичээлийн явцад дараах алхмуудаар өртөөлөн оюуны зураглалтан болгодог

·           Сэдвийн агуулга ба утгат хэсгийн дүрслэлт хөгжилтэй тэмдэглэл хөтлөх

·           Түлхүүр үгээр утгын хүрээний болон холбоо үгэн цацаргалт хийх

·           Нэр, томьё, ухагдахууны зурагт тайлбар толь гаргах

·           Түүхэн үйл явдлын он дарааллын өртөө ба графикт дараалал үйлдэх

·           Сэдэв ба нэгж хичээлийн агуулгын оюуны зураглал бүтээх

·           Бүтээлч сэтгэлгээний энгиин арга хэрэгслүүдийг эзэмшүүлэх

Дээрх аргуудыг ашиглах зөвлөмжүүд:

Хөгжилтэй тэмдэглэл хөтлөх арга. Оюуны зураглалын амин сүнс нь дүрт сэтгэлгээ юм. Хичээлийн явцад судалж буй сэдвийн гол чухал хэсгийг уншиж, тэмдэглэхэд механикаар үг алгасалгүй хуулан бичихийн оронд онч үг, өнгө, зураг, дүрс, код, тэмдэгт хэрэглэн хураангуйлан бичих нь сурагчдад амар хөгжилтэй байдаг. Энэ нь төсөөлөлт сэтгэлгээг хөгжүүлэх, зураглан дүрсэлж, илэрхийлэх чадварыг сайжруулах, мэдсэнээ сэргээн санаж ярихад тус дөхөм болдог ач холбогдолтой. \зураг-1\

Үгэн цацаргалт. Оюуны зураглалын амин чанар нь зөв сонгон хэрэглэсэн дан болон холбоо түлхүүр үг байдаг. Үг бүхэн утгатай ,утга бүхэн учиртай тул тухайн түлхүүр үгнийхээ утгын хүрээний ба холбоо үгнүүдийг тоочиж цацарган бичих хэрэгтэй. Энэ нь үгийн баялгийг нэмэгдүүлэн, үг сонголтыг сайжруулж, үзэл бодлоо тодорхой илэрхийлэх боломж олгодог. \зураг-2\

Тайлбар толь. Шинжлэх ухаан бүхэн өөрийн хэл буюу нэр томьёо, ойлголт ухагдахуунтай, судалгаа шинжилгээний аргатай байдаг. Иймд судалж буй шинжлэх ухааны агуулгатай холбоотой зурагт тайлбар толь хөтлөх нь тухайн зүйлийг гүнзгий ойлгож, ухаарч мэдэх, сэргээн санаж хэрэглэхэд тус дэмтэй. \хүснэгт-1\

Өртөө ба графикт дараалал. Тодорхой цаг хугацааны үргэлжлэл хооронд болсон түүхэн явдал, үйл хэргийн эхлэл, өрнөл, төгсгөлийн холбоо хамаарал, эрэмбэ дараалал, өөрчлөлтийг тогтоон гаргахад энэ арга тохиромжтой. Тэгэхдээ түүхэн он цагаар хэлхээлж болсон үйл явдлыг хураангуй өгүүлбэр, график, зургаар бичиж дүрсэлж илэрхийлдэг. \хүснэгт-2\

Оюуны зураглал. Оюуны зураглал нь хүний уураг тархины бүтэц, үүрэг, ой тогтоолт, олон талт оюун ухааны талаарх сүүлийн үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд суурилсан хүний бүтээлч сэтгэлгээг сайн хөгжүүлдэг сэтгэн бодохуйн шинэлэг арга хэрэгсэл юм. Оюуны зураглал бол хүний бүтээлчээр ургуулан төллүүлж, цацарган боддог Монгол хүний унаган сэтгэлгээнд сайн тохирдог, хүн төрөлхтний үе үед зохион туурвиж бүтээсэн бодит ба хийсвэр зураг дүрс, бэлгэдэл, тэмдэг бичиг, уламжлалт авиан үсэг, шинжлэх ухааны нэр томьёонуудыг өөртөө багтаасан тов тодорхой, сурахад амар энгийн шинэ бичиг үсэг юм. \зураг-3\

Оюуны зураглалыг Содон баримт, ЭССо, Боломж шавхах арга \БША\, Хувилбар боломж сонголт \ХБС\, Сониуч Немо \Загасан нуруу\, Үндэс, Сувд түүх зэрэг бүтээлч сэтгэлгээний аргуудтай хослуулан хэрэглэвэл хичээлийн үр дүн улам нэмэгддэг

 Оюуны зураглалын хичээлийг зохион байгуулахад:

·         Хичээлийн жилийн эхэнд болон явц дунд суралцахуйн арга хэрэгслүүдийг энгийнээс нь эхлэн алхам алхмаар зааж эзэмшүүлэх

·         Ангийн ширээ сандлыг багаар ажиллах боломжтойгоор хувааж зөв байршуулан засна

·         Хичээлийн зорилго, ажлын гүйцэтгэлийн хугацааг танилцуулна

·         Суралцагчдыг 3-5 хүнтэй байхаар авьяас чадвар, хүсэл сонирхлын дагуу хүч тэнцүүлэн хуваарилах ба багийн ахлагч ажлаа төлөвлөж, багийн гишүүд гүйцэтгэх ажлаа авна.

·         Багш хугацаа хожих зорилгоор суурь зураглал, ажлын загвар хуудсууд бэлтгэх

·         Хар бал ба өнгийн харандаа, пламостар, А4 –ийн хэмжээтэй цаас\дэвтэр\, хичээлд ашиглагдах ном, сурах бичиг, гарын авлага бэлтгэнэ.

·         Хугацаа дуусмагц баг, хэсгээрээ хийсэн бүтээлийн сангаа нийтэд танилцуулж өөрийн гишүүд, нөгөө багийнхан, багшаас хөндлөнгийн үнэлгээ, зөвлөмж авна

·         Багш хүүхэд бүрийн суралцах арга барил, төлөвшил, ахиц амжилтын талаар судалгааны өгөгдөл бүхий хүснэгтийг хөтлөн зөвлөгөө туслалцаа үзүүлнэ

Хамгийн чухал нь багш оюуны зураглал, бүтээлч сэтгэлгээний арга хэрэгслүүдийн талаар Монголын Оюуны чадварын IQ төв, БСШУЯ-наас гаргасан багшийн ном, сурах бичиг, арга зүйн зөвлөмж, интэрнет мэдээлэл уншин судалж, суралцахуйн арга барилуудыг эзэмшин өөрийн хичээлийн онцлогт тохируулсан байх хэрэгтэй.

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 15:02:13 Уншсан тоо:  241

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.