feature-top

Карт ашиглах арга зүй

Ц.Оюунбилиг

Ховд аймгийн I сургуулийн Түүх-газар зүйн багш

ts.oyunbileg2017@gmail.com

 

Арга зүй туршлагын хэрэглэх хүрээ: ЕБС-ийн 7 дугаар анги

Гол онцлог, шинэлэг тал:

Миний бие карт ашиглах энэхүү аргыг 7 дугаар ангийн “Дэлхийн физик газарзүй”-н судлагдахуунд тогтмол ашигладаг. Карт ашиглах аргыг газарзүйн судлагдахуунд ямар нэгэн объектын байрлалыг тогтоох, таних тэмдэг ашиглан газарзүйн зураг унших, энгийн зураглал хийх, ерөнхий төсөөлөл олгох, мэдлэг шалгах, мэдээлэл хүргэх зэрэгт тохиромжтой байдаг бөгөөд багаар ажиллуулахад өргөн хэрэглэдэг. Энэ аргын үед сурагчид байнгын хөдөлгөөнд байх бөгөөд энэ нь ядарч, уйдах зав олгодоггүй, өөрийн цуглуулсан мэдээллээ бусадтай хуваалцаж, бие биеэсээ суралдцаг онцлогтой.

Туршиж хэрэгжүүлсэн байдал:

            Энэхүү аргыг 2015-2018 оны хичээлийн жилүүдэд 7-р ангийн 4 бүлгийн 300 гаруй сурагчдад туршин хэрэгжүүлж ирлээ. Туршилтын үр дүнд сурагчдын ярих чадвар дээшилж, өөртөө итгэх итгэлтэй болж өмнөхөөсөө 10-15%-иар ахисан үзүүлэлт гарсан байна.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн:

            Суралцагчид цахим орчноос өөрсдөө мэдээллийг гар утас болон таблет, нөүтбүүк, компьютер ашиглан бусадтайгаа мэдээллийг солилцон, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадварт суралцдаг. Мэдээлэл цуглуулахын тулд эрэл хайгуул хийдэг. Найз нөхдийнхөө өмнө дуугүй байхгүйн тулд заавал мэдээлэл цуглуулж ирдэг.

Хичээл үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт:

·         Суралцагчдыг газарзүйн хичээлд илүү сонирхолтой болгох арга эрэлхийлсэн.

·         Цахим хэрэглэгдэхүүн ашиглах болсон төдийгүй багаар ажиллах, таних тэмдэг ашиглан газарзүйн зургийг унших, хэрэглэх чадвар эзэмшсэн.

Суралцагчдад гарсан өөрчлөлт:

·         Хүүхэд бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ангийнхаа сурагчдад өөрийн бэлдсэн мэдээллээ чөлөөтэй ярьж чаддаг болсон.

·         Цахим хэрэглээтэй болсон ба сурагч бүрийн хичээлд оролцох оролцоо нэмэгдэж, өөртөө итгэх итгэлтэй болсон байна.

Арга зүй туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, процесс:

            Карт унших энэ аргыг ерөнхий төсөөлөл олгох, шинж чанараар нь ангилах, мэдлэг бүтээх, харьцуулах, газарзүйн зурагтай ажиллах зэрэгт ашигладаг. Дэлхийн ус ба хуурай газрын хуваарилалт, далай ба эх газрын хэсгүүд, арал, хойг, булан, тохой, тэнгис гэх мэтийг судалж, харьцуулж ялгах, газарзүйн зурагт заах, газар орны нэрийг зөв нэрлэх, контур зурагт тэмдэглэх зэрэг чадвартай болно. Жишээ нь: 7-р анги

Сэдэв: “Ус ба хуурай газар”

            Алхам 1 Үйл ажиллагааны эхэнд 5-6 сурагчтай баг бүрдүүлнэ.

            Алхам 2  Баг бүрт багц карт өгч болно. Суралцагч бүрд тодорхой төрлийн сэдэвт хамаарах мэдээлэл болон жишээ агуулсан дугаартай нэг юм уу хэд хэдэн карт тарааж өгнө.

            Алхам 3 Мэдээж картууд тодорхойгүй байдлаар холилдсон байж болно. Тэдгээрийг логик дарааллаар ангилахыг баг бүрт даалгана. Багуудад зөв ангилсан картны тоогоор оноо өгч болно.

            Алхам 4 Сурагчдад өөртэйгээ ижил төрлийн сэдэвтэй холбоотой карт авсан сурагчдыг олж авахыг зөвлөнө. Багш сурагчдад “Ус ба хуурай газар “гэсэн сэдэв байгааг урьдчилан сурагчдад мэдээлж хэлж өгнө.

            Ижил төрлийн карт авсан сурагчид бусдадаа өөрсдийнхөө мэдээллийг товч бөгөөд тодорхой танилцуулна. Танилцуулахдаа газарзүйн байрлал, ямар тивд оршдог, ямар объект болох гэх мэт цуглуулсан мэдээллээ бусдадаа хуваалцана. Тухайн төрлийн карт танилцуулагдах бүрт та зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бүхнээ нэмж хэлж зааж өгч болно. . Жишээ нь: Суралцагсад мэдээллийг дараах байдлаар бэлтгэнэ.

 

Персийн булан 240 мянган км.кв. талбайг эзлэн орших бөгөөд дундаж гүн нь 50м орчим. Ормузын хоолойгоор Оманы булан (Арабын тэнгис)-тай холбогдоно.

 

Берингийн хоолой (англ. Bering Strait, орос. Бе́рингов проли́в) нь Аляска ба Дорнод СибирьЧукоткын хойгийн хооронд орших хоолой юм. АНУОХУ-ын хил дайрч гардаг учраас "Америк-Оросын хоолой" гэж нэрлэх нь ч бий. 

Камчаткын хойг (орос. полуостров Камчатка) нь Евразийн эх газрын зүүн хязгаарт, Оросын Холбооны Улсын Алс Дорнодод 1,250-км урт сунаж тогтсон хойг юм. Нийт талбай нь 472,300 км².

Их Британи Европын хамгийн том, дэлхийн наймдугаар том болох ​​218,595 км² талбай бүхий арал. Их Британи арал Их Британи-Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад харьяалагддаг.

Газрын дундад тэнгис нь Атлантын далайн нэгэн тэнгис бөгөөд хойд талаараа Европ, өмнө талаараа Африк, зүүн талаараа Ази тивээр хүрээлэгдэнэ. Нийт талбай нь 2.5 сая км²

 

Дүгнэлт: Сурагчид өөрсдийн бэлтгэсэн мэдээллээ бусдадаа ярихаас гадна найз нөхдөөсөө буцааж сонсох нь гүн бат мэдлэг олгохоос гадна бусдыгаа үнэлэх, анализ хийх, тэмдэглэл хөтлөх хувийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, бусдыг сонсох, газрын зурагтай ажиллах, зургийг ялгах, таамаглал дэвшүүлэх, улс орны газарзүйн байрлалыг тогтоох зэрэг чадвар эзэмшдэг.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 14:59:08 Уншсан тоо:  165

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.