feature-top

Блүүм асуултаар сурагчдыг чадваржуулах арга зүй, туршлага

Х.Мэндбаяр

Булган аймаг Хишиг-Өндөр сумын ЕБС,

түүх, нийгмийн ухааны багш

khishigundursurguuli@gmail.com

Арга зүйг хэрэглэх хүрээ: ЕБС-ийн дунд, ахлах анги

Гол онцлог шинэлэг тал:

Сониуч зан нь өөрөө оршин тогтнох ухааныг агуулдаг. Иймээс амьдралын агуу их нууцын өчүүхэн хэсгийг ойлгох гэсэн ариун сониуч занг хэзээ ч алдаж болохгүй. Эйнштейний “Ухаантай хариулт авахыг хүсвэл ухаантай асуулт тавьж сурах хэрэгтэй” гэсэн үг байдаг. Сурагчдыг асуулт тавьж сургах нь туйлын чухал. Гэвч асуулт тавиулж сургах арга технилоги нь тодорхойгүй байна. Иймээс суралцах гэж буй зүйлийн мөн чанар уялдаа холбоог асуулт зохиох, асуултад хариулах, асуулт тавих, бусдын хариултыг нэгтгэн дүгнэх харьцуулах замаар мэдлэг бүтээх арга технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Энэ нь сурагчид өөрсдөө мэдлэгээ бүтээх, өөрийн гэсэн сурах арга барилаа хөгжүүлэх, асуудлыг олон талаас нь бүтээлчээр харах зэрэг чадвар дадлуудыг эзэмшүүлэхэд ихээхэн дэмжлэг болох юм. Блүүм таксономийн танин мэдэхүйн 5 түвшинг ашиглан асуулт зохиох загвар гаргасан бөгөөд сурагчид загварын дагуу асуулт зохиож түүнийгээ бусдад тавьж хариултыг өөрөө дүгнэх замаар мэдлэг бүтээх арга зүй юм.

Туршин хэрэгжүүлж буй байдал:

Суралцах үйл нь аливаа зүйлийг тусгаж авах шинэ үзэл бодол ойлголтыг хөгжүүлэх, өөрийн сэтгэхүйн үйл ажиллагаа, бүтцийг өөрчлөх үйл явц байдаг. Иймээс мэдээллийг хэрхэн тогтоож сэргээн санах, ямар арга барилаар хэрхэн суралцах, яаж хурдтай ойлгох, мэдээллийн эх сурвалжтай хэрхэн ажиллах зэрэг оновчтой үр дүнтэй суралцахад хэрэгтэй бүхий л ур чадваруудыг олгох явдал чухал байна. Энэхүү хэрэгцээ шаардлагыг өнөөгийн сурагчдад хангалттай өгч чадахгүй байгаа байдлыг судлан 2010 онд өөрийн сургуулийн ахлах ангийн 144 сурагчдаас “НУ-ны сургалтаар эзэмших боломжтой чадварууд”-ыг эрэмбэлүүлж үзэхэд ярих 108, сонсох 93, бичих 85, асуулт тавих 83, илтгэх 67 саналаар гаргаж ирсэн байна. Эдгээр чадваруудыг зэрэг хөгжүүлэх боломжтой арга зүйг эрж хайн туршиж үзсэн. Нөгөө талаар сурагчид багшийн асуултад л хариулж чадахаас өөрсдөө асуулт зохиох чадвар тун сул байв. Сурагчид сурах бичиг лекц тэмдэглэл дээрх мэдээллийг батлах нотлох асуултыг ихэвчлэн тавьж байгаа нь анхаарал татсан юм. Жишээ нь: Нийгмийн харилцаа гэж юу вэ? Татварын тогтолцоонд юу юу ордог вэ? Чингис хаан хэдэн онд төрсөн бэ? гм эдгээр нь сурагчдын мэдлэг чадварыг бататгах хөгжүүлэхэд дэмжлэг болж чадахгүй, үр дүн багатай байсан тул асуултыг загварчилж өгөх нь зүйтэй гэдэг санааг олж харсан юм. Асуултыг загварчлахдаа Блүүмийн танин мэдэхүйн түвшинг ашигласан болно. Энэ нь сурагчдыг танин мэдэхүйн бүх түвшинд сэтгэн бодож, ажиллан өөрөө мэдлэгээ бүтээх боломжийг олгох, идэвхийг сэргээн сурагчдын бүтээлч үйлийг дэмжих, сурагчдыг чадваржуулах мэдлэгээ бүтээх таатай орчин болж өгсөн юм. Энэхүү арга зүйг эхлээд ахлах ангийн сонгох түвшинд хэрэглэж багш сурагчид нэлээд дадлага туршлагатай болсны дараа ахлах ангиуд дараа нь дунд ангийн түвшинд хэрэгжүүлсэн. Багш нэгэнт гаршсан тохиолдолд 6-р ангиас эхлэн үе шаттайгаар танилцуулан дадал хэвшил болгон ээлжит хичээл бүрд аль ч шатанд хэрэглэн хэвшүүлэх боломжтой.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал:

            Бразилийн боловсрол судлаач Павло Фрейрэ “Багш банк мэт л байнга сурагчдадаа орлого оруулдаг. Өөрөөр хэлбэл сурагчдын толгойд асуудлыг чихэж оруулахын тулд багш хамгийн идэвхтэй ажиллаж харин сурагчид идэвхгүй сонсогч нар болон хувирдаг” гэсэн байдаг. Тэгвэл мэдлэг хүнд дамждаггүй харин хүн өөрөө мэдлэгийг бүтээж байдаг гэдэг зарчмыг үндэслэн идэвхтэй суралцах арга барилд сургахын тулд Блүүмийн таксономийг хэрэглэлээ.

Асуултаар хичээлийг хөтлөн явуулах үе шатууд :

1.     Сэргээн сануулах буюу сэдэл: Сурагчдыг урган гарч буй аливаа асуудалд өдөөж өгөх, сурагч асуудлыг дэвшүүлэн тавих.

2.     Утгыг ойлгуулах шатанд сурагчдыг идэвхжүүлэн тухайн хичээлд татан оролцуулах маш чухал. Сурагчид идэвхтэй оролцсоноор чөлөөтэй сэтгэж, түүнийгээ чөлөөтэй илэрхийлж дүгнэх цэгнэх боломжтой болдог. Мөн “Анхаарал хандуулах” зорилгыг мартаж болохгүй. Сурагчдын хувийн асуудлыг мартуулж тухайн хичээлд бүрэн татан сурагчид өөрөө хөдөлмөрлөн хөлс хүчээ гаргах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сургалтын төрөл бүрийн арга хэлбэрийг ашиглаж болно. Энэ шатанд сурагч ойлгох явцдаа хянах бүх бололцоог хангаж өгөх нь сонсох, нэмэлт хийх, бусдыг үзэл бодол дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үйлээр хангагдана.

3.     Бататгах шатанд сурагчид өөрсдийн зохиосон асуултын хариултыг идэвхтэй эрэлхийлж, харилцан үзэл бодлоо солилцож, бусдын үзэл бодлыг дэмжиж, шинэ арга замыг эрж хайхад тусалдаг. Мөн өөрийгөө болон бусдыг үнэлж дүгнэх боломжийг олгодог.

Багш хичээлийн үед хамтран ажиллагч чиглүүлэгчийн үүрэгтэйгээр оролцоно.

Хичээлийн процесс:

            Зорилго: Энгийн батлах үгүйсгэхээс эхлэн тухайн зүйлийн уялдаа холбоо мөн чанар чиг хандлага зэргийг илрүүлэн гаргах асуултыг зохиох, хариулах, бусдыг сонсох замаар мэдлэг эзэмшүүлэх

Блүүм асуултын бүтэц

 

Асуултын түвшин

Агуулгын багтаамж

1

Энгийн асуулт

Баримт мэдээлэл авахад зориулагдсан утга агуулгын үндсэн хэсгийг мэдэх

2

Үнэлгээний асуулт

Асуудлын сайн муу, давуу сул талыг өөрсдийн тогтоосон жишгийн дагуу гаргаж цогц нэгдмэл ойлголтод хүргэдэг

3

Задлан шинжлэх асуулт

Учир зүй, шалтгаан, дотоод мөн, чанар уялдаа холбоог адилтгах, ангилах, харьцуулах, дараалал тогтоох

4

Хэрэглээний асуулт

Шинэ нөхцөлд хэрэглэх буюу яаж хэрэглэх, одоогийн хэрэглээний байдал түвшин өөрчлөлтийг дүгнэх харьцуулах

5

Нэгтгэн дүгнэх асуулт

Үр дүн ач холбогдол, цаашдын төлөв байдал, хандлага тусгайгаас нэгдмэл ойлголт гаргах

 

 

Блүүм асуулт аргыг хэрэгжүүлэх үе шат, технологи

 

Үе шат

 

Үйлийн алхам

 

Үйл ажиллагаа, жишээ

 

 

 

 

 

 

1-р үе шат

 

 

Багшийн чиглүүлгээр арга барилын баримжаа авах

 

Найз нөхөдтэйгээ хамтрах буюу бие даан давтан хийсний үр дүнд өөрийн гэсэн арга барилаа олох

 

А. Арга барилын баримжаа авах

-Багш блүүм асуултын загварыг энгийн жишээн дээр, эсвэл үзэж буй агуулгын аль нэг сэдэвтэй холбон тайлбарлана.

-Сурагчдад хялбар сэдэв өгч бүтцийн дагуу асуулт зохиолгон бичүүлнэ.

-Багш бичих явцад зөвлөгөө өгнө.

Б. Сурагчид арга зүйг өөрийн болгох

-Ээлжит хичээлийн сэдвийг сурах бичиг өгөгдөл дээрээс уншин загвар түвшний дагуу асуултаа зохионо.

-ТДА-аар бүх сурагчид энгийн, үнэлгээний, задлан шинжлэх, хэрэглээний, нэгтгэх дүгнэх түвшний асуултуудаа нэг сурагч нэг асуулт унших замаар танилцуулна.

-Бүх сурагчид өөрсдийн бичсэнээ бусадтай харьцуулан нэмэлт тэмдэглэгээ хийнэ.

-Нэг агуулгад олон талаас нь хандаж болохыг мэдрэн, санаа цуглуулах дасгалыг хамт хийж явна.

 

 

 

 

 

2р үе шат

 Эзэмшсэн арга барил, мөрдөж буй аргачлалаа өөр агуулга дээр хэрэглэж дадлагажих

 

 Багаар ажиллан найзуудынхаа тусламж дэмжлэгээр чадвараа улам боловсронгуй болгоно.

А. Дадлагажих үе:

- Судлаж буй ээлжит хичээлийн сэдвийг 4-6 дэд сэдэвт хуваан сурагчдыг баг болгон нэг багт нэг сэдэв өгч зөвлөлдүүлэн бусад багт асуулт тавиулна.

- Блүүм асуултийн бүтцийн дагуу 1 сурагч 1 түвшний асуултийг танилцуулна. Бусад баг асуултад хариулна

Б. Чадваржих үе:

- Эхэн үед энгийн, үнэлгээний асуултыг суралцах чадвар сул сурагчид тавьдаг бол аажимдаа бүх хэсэгт оролцох боломжтой болдог.

- Ярьж буй багийн яриаг бусад багийн сурагчид анхааралтай сонсон зэрэгцүүлэн тэмдэглэгээ хийнэ.

- Хариулж буй багийн хариултыг хангалтгүй гэж үзвэл бусад баг хариулт нэмж болно.

 

 

3р үе шат

 Чадваржсанаа үнэлэх

Өөрийгөө үнэлэх найз нөхөд багшаараа үнэлүүлэх

 Ойлгоогүйгээ асуух, түүнд хариулах замаараа мэдлэгээ бататгах.

А. Үнэлэх үе

- Сурагчид баг багаараа өгөгдсөн асуултыг ярилцаж батлан нотлон баяжуулан бусад багийнханд тайлбарлана.

- Бусад багийн сурагчид ойлгоогүй зүйлээ тодруулан асуулт тавина. Орхигдсон зүйлд өөрсдөө нэмэлт хийж болно.

- Асуулт тавьсан багийн сурагчид хариултыг дүгнэн бүрэн хариултыг өгсний дараа бусдад үнэлэлт өгнө.

- Сурагчид өгөгдсөн онолын мэдээллийг амьдралтай холбон өргөн хүрээтэй олон талтай мэдлэг эзэмших явцдаа өөрийн мэдлэгийг цэгцлэн хянах чадвар эзэмшинэ.

 

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан үр дүн:

Суралцагчдад гарсан өөрчлөлт:

·         Танин мэдэхүйн бүх түвшинд асуулт тавьж хариулж сурна

·         Ярих сонсох унших бичих чадварууд зэрэг хөгжинө.

·         Бусдын ярьснаас мэдээллээ олж авах учир сонсож сурах ба өөрийн ойлголттой нэгтгэн цэгцэлж сурах

·         Ярьж буй зүйлдээ тохирох бодит үйл явдал жишээ баримтыг оновчтой олж чаддаг байх

Суралцагчдад эдгээр өөрчлөлт гарснаар суралцах чадвар хөгжин ямар ч зүйлд олон талаас нь хандаж, асуулт тавьж, асуудал дэвшүүлж сурсан. Мөн идэвхтэй хөгжилтэй өөртөө итгэлтэй бие даасан байр суурьтай болоход нөлөөлж, бие даан суралцах арга барилтай, асуудалд бодитой ханддаг болсон.

Арга зүй туршлагыг хэрэгжүүлэх орчин нөхцөл, хэрэгжүүлэхэд анхаарах зүйлс:

 Багш аргын тухай танилцуулгыг хичээлийн жилийн эхэнд тодорхой танилцуулан, ямар ч хичээлд хэрэглэж болох ба зохион байгуулалтын хэлбэрийг өөрийн орчинд тохируулан сонгож болно. Мөн сурагчдаар тухайн сэдвийн дагуу таван түвшинд блюпринтээр тест зохион бичүүлж болох ба сурагчдыг улам илүү чадваржуулах хэлбэр болж, үнэлгээний шинэ түвшинд ажиллах боломжтой.

Багшид зөвлөмжлөх нь:

·         Арга барилын баримжаа авах үе шатанд хүүхэд бүрийг асуултын бүтцийг баримталж сурахад ихээхэн анхаарах

·         Хэрэглээний асуултын түвшинд амьдрал дээрх жишээ баримтыг авах учир олон талын өргөн мэдлэгтэй цаг үеэсээ хоцрохгүй байх

·         Нэгж хичээлийн сэдвийг дэд сэдвүүдэд хуваан өгөхдөө нэмэлт мэдээллийг оруулан өргөн хүрээтэй ТӨМ бэлтгэж өгөх

·         Сурагчдыг ярих явцад багш оролцохгүй байж, оновчтой санааг дэмжин нэмэлт тайлбар хийх

·         Сайн бэлтгэгдсэн, оновчтой асуултуудыг тухай бүрд нь олж харж урамшуулдаг байх

·         Сурагчид зэрэгцүүлэн тэмдэглэгээ хийж авах учир тулгуур үг, дохио, схем ашиглаж сурах

·         Сурагчдын олж авч буй мэдлэг нь өргөн хүрээтэй олон талтай амьдралтай нягт холбогдсон байх

Дүгнэлт: Блүүм асуултыг сургалтад хэрэглэснээр 2012 оны түвшинг 2018 онтой харьцуулж үзэхэд суралцах арга барилын хөгжилт 42%, мэдээлэл боловсруулах чадвар 25%, асуулт тавих чадвар 34% өссөн дүнг харуулж байна. Судалгаааны дүнгээс харахад асуулт тавьж сурахад ямар нэг загварчлал чиглүүлэг хэрэгтэй бөгөөд хэрэв энэ зорилго хангагдвал суралцагчдын бие даан суралцах чадвар нэмэгдэх нь харагдаж байна. Энэ арга зүйг хичээлд хэрэглэснээр сурагчдыг идэвхжүүлэн өөрсдийн бие даасан үзэл бодлыг гаргах, өмнөх мэдлэг ойлголтыг шинэ мэдээлэлтэй хэрхэн холбож, асуудлыг олон талаас нь бүтээлчээр харах, шийдвэрлэх арга замыг олж илрүүлэх, хамтран ажиллах, бусдыг хүлээн зөвшөөрөх, үзэл бодлоо хамгаалах, бусдыг болон өөрийгөө үнэлж дүгнэх зэрэг чадваруудыг хөгжүүлэх замаар мэдлэгийг хэрэглээ болгох чадвартай болох юм. Энэхүү аргыг ямар ч хичээлд хэрэглэж болох бөгөөд нэгэнт асуулт тавиад сурчихсан хүүхэд улам идэвхжин хөгжих боломжтой юм.

 

 

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 14:39:04 Уншсан тоо:  205

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.