feature-top

Монгол хэлний тайлбартай дасгалын аргыг түүхийн хичээлд ашиглах нь

С. Мягмарсүрэн

Нийслэлийн 97 дугаар сургуулийн түүх, нийгмийн ухааны багш

bolor_eesh@yahoo.com

Арга зүйн хэрэглэх хүрээ: 6-7 дугаар ангийн сурагчид

Миний бие 1987-1990 он хүртэл Булган аймгийн 1 дүгээр 10 жилийн сургуульд түүх нийгмийн ухааны багшаар ажиллаж байх хугацаандаа гавьяатын дайтай мундаг багш нарын нээлтэй хичээлд сууж сургалтын аргуудтай танилцаж, энэ аргыг түүхийн хичээлд зохицуулан ашиглаж болмоор санагдаж хичээлдээ ашиглан заасаар явна.

Монгол улсын гавьяат багш Г.Рэнцэндорж “ Монгол хэлний хичээлд тайлбартай дасгалын арга”-ыг 1970-80 аад онд анх хэрэглэснээс хойш 1990-ээд оныг хүртэл Булган аймгийн ЕБ Сургуулиудад өндөр үр дүнтэйгээр хэрэглэж байна. Харин монгол хэлний тайлбартай дасгалын аргыг монгол хэлний болон бага ангийн олон багш нар хичээлдээ ашигладаг боловч түүх-нийгмийн ухааны хичээлд хэрэглэх, ашиглах талаар арга зүйн судалгаа бараг байдаггүй юм.

Арга зүйн онцлог:

Орчин үед сурагчдыг чадваржуулах мэдлэгээ хэрэглээ болгон амьралд хэрэглэх тал дээр түлхүү анхаардаг болсон энэ үед Түүх- нийгмийн ухааны хичээлд Монгол хэлний тайлбартай дасгалын аргыг тохируулан хэрэглэх нь үр өгөөж сайтай байв. Түүхийн хичээлд тайлбартай дасгалын аргыг хэрэглэхдээ ээлжит хичээл дээр өмнөх мэдлэгээ сэргээн санах үед мөн нэгж буюу бүлэг сэдвийн давтлага хичээл дээр ашиглахад ихээхэн тохиромжтой. Мөн энэ арга нь хичээлийн бүтэн 40 минутад ашиглах бус богино хугацаанд 10 минутад багтаан ангийн бүх сурагчдыг хичээлд хамруулан оролцуулдгаараа хүүхдийн сэргээн санах, сэтгэн бодох, ярих чадварыг зэрэг хөгжүүлдэг сайн талтай.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал:

Тайлбартай дасгалын аргыг түүхийн хичээлд хэрэглэх үе шат.

1.     Бэлтгэл үе

Энэ үе бүхий л улирлын турш явагдана. Багш ээлжит хичээлээ бэлтгэхдээ шинэ ухагдахуун, түлхүүр үг, нэр томьёонуудыг А5 бичгийн цаасны хэмжээтэй цаасан дээр бичиж бэлтгэн хичээл заах бүртээ шинэ түлхүүр үгсийг сурагчдаар өөрсдөөр нь тайлбарлуулах буюу хичээлээ заахдаа багш тайлбарлан ойлгуулах зорилгоор тайлбарлуулах үгсээ бэлтгэж авна. Нэг ээлжит хичээл дээр хэчнээн ч шинэ үг, нэр томьёо тайлбарлагдаж болно. Энэ нь нэг талаасаа ээлжит хичээлдээ багш үзүүлэн тарааж өгөх материал хэрэглэгдэхүүнээ давхар бэлтгэж байгаа хэрэг юм.

2.     Тайлбарлан таниулах үе

Энэ үе шат хичээлийн нэг улирлыг хамарна. Энэ үед сурагч уншаад ойлгож сурна, ойлгоод бусдад ярьж, тайлбарлаж сурна, гэдгийг ойлгуулж өдөр бүр хэвшил болгоно. Өмнөх хичээлд үзсэн шинэ үгсээ дараагийн шинэ хичээлийг заахдаа бататгал, сэргээн санахдаа тайлбартай дасгалын аргыг ашиглан тайлбарлуулж болно. Мөн бүлэг бүрээр үзсэн шинэ үг, нэр томьёонуудаа бүлэг сэдвийн давтлага хичээлийг заахдаа хүүхэд бүрээр тайлбарлуулна.

3.     Тайлбарлан ярих, бичих үе

Энэ үе шат 6-7 долоо хоногийн турш үргэлжилнэ. Хүүхдүүд түүхийн хичээл дээр гарч байгаа шинэ нэр томьёонуудыг өөрийн сурч мэдсэн түвшингээрээ тайлбарлан ярихаас гадна өөрт тайлбарлуулахаар ирсэн үгсээ дэвтэртээ тайлбарлан бичих явцдаа бусдыг дагуулан удирдаж тайлбарладаг.

4.     Тайлбарлан ярих, бичих, сонсох

Энэ үе шат 4-5 долоо хоног хэртэй буюу ангиа төгсөх хүртэл хугацаа хамаарна. Сурагчид шинэ ойлголт, нэр томьёонуудыг онолын хувьд үнэн зөв шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлан ярьж, дэвтэртээ тэмдэглэх явцдаа бусдын тайлбарыг сонсон нотлон тайлбарлаж тунгаан хэлэлцэж, хүүхэд бүрийн оролцоо хангагдаж байдаг.

Тайлбартай дасгалын аргыг түүхийн хичээлд хэрэглэхдээ

·         Хичээлийн явцдаа сурагчдадаа тайлбарлах үгсийг бэлтгэн тооцох

·         Сурагч хариулж чадахгүй тохиолдолд дөхүүлэх асуулт асууж хүүхэд тайлбарлах боломжийг олгох

·         Бүх сурагчид адил тэгш оролцох нөхцөлөөр хангах ба хүүхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчинг бүрдүүлэх

Тайлбартай дасгалын аргыг түүхийн хичээлд хэрэглэхэд тохиолдох бэрхшээлүүд:

·         Тайлбартай дасгалын аргыг түүхийн хичээлд хэрэглэж эхлэх үед сурагчид санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахгүй байх

·         Сурагч бүрийн хэл ярианы чадвар өөр учраас тэднийг үйл ажиллагаандаа татан оролцуулахад багагүй хугацаа, уйгагүй хөдөлмөр шаардагдана. Энэ үед багш шантарч болохгүй.

·         Тухайн хүүхдийг хичээлийн явцад яаж хэрхэн идэвхжүүлэх оролцуулах талаар тооцож, бүх сурагчдаа адил тэгш оролцох боломжтой хөнгөн даалгавраас хүнд даалгавар луу шилжих замаар даалгавар өгөх хэрэгтэй.

Тайлбартай дасгалын аргыг Түүхийн хичээлд ашигласны ач холбогдол

·         Дасгал хийгдэх явцад хүүхдийн сэтгэхүйн хурд ихэснэ.

·         Тайлбарлангаа бичнэ, бичингээ тайлбарлана.

·         Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлнэ, сэтгэн бодох сэргээн санах чадварыг нэмэгдүүлнэ

·         Даалгаврыг бие даан гүйцэтгэнэ

·         Аливаа асуудлыг өөрөө шийдвэрлэж сурна.

·         Мэдлэгээ хэрэглээ болгох чадвар дадалтай болно.

·         Бага хугацаанд сурагч бүрийг хичээлд оролцуулах боломжтой.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 14:35:39 Уншсан тоо:  162

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.