feature-top

“Миний уншсан ном”- оор тэмдэглэл хөтөлж, ном уншуулах “Чандмань эрдэнэ”-ийн арга, туршлага

М. Мөнхзул. Улаанбаатар хотын Сүхбаатар 

дүүргийн 1-р дунд сургуулийн МХУЗ-ын багш

m.munkhzul@yahoo.com

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: ЕБС-ийн 6-12-р ангийн сурагчид. Гол онцлог, шинэлэг тал: Энэ аргын гол онцлог бол хүүхдийг ном уншуулснаар агуулга, үйл явдлыг ойлгох, тусган хүлээж авах чадвар, бүтээлчээр сэтгэн бодох, харьцуулан жиших, гол санааг нь зургаар болон хэлц үгээр илэрхийлэх, ярих, бичих төлөвлөгөө гаргаж сурах, зохиолд дүрслэгдэх газар орон, орчин нөхцөл, цаг үеийг тогтоох, дүрүүдийн зан чанар, үйл хэргээр нь харьцуулан жишиж, дүгнэлт гаргах, мэдрэмж сэтгэгдлээ зөв, сайхан найруулан бичих зэрэг олон чадварыг хөгжүүлж, нэг зохиол уншаад 5-10 даалгавар гүйцэтгэн, багшаар болон эцэг эхээрээ дүгнүүлэх зорилготойд оршино.

Туршиж, хэрэгжүүлсэн байдал: Энэхүү арга туршлагаар 1-р сургуулийн болон туршлагаа түгээсэн хот, хөдөөгийн зарим сургуулийн багш нар хүүхдийг ном уншуулах аргад сургаж байна. “Миний уншсан ном”- оороо хүүхдийг номонд сонирхолтой болгох, яаж бүтээлчээр уншуулж, хэрхэн үнэлэх, эцэг эх, найз нөхдөө ном уншихад хэрхэн татан оролцуулж байгаа арга туршлага юм.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн

Хичээл, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт:

 Ном уншуулахдаа эцэг эхийг татан оролцуулж, хүүхэдтэйгээ хамт унших, тэмдэглэл хөтөлж, зурж бичихэд нь туслах, эцэг эх үнэлгээ тавьж болох, хүүхдэдээ зөвлөгөө бичих, хүүхэд өөрөө өөрийгөө үнэлэх гээд ХҮҮХЭД-ЭЦЭГ ЭХ-БАГШ гурвын хамтын ажиллагаа шаардаж байгаа нь ихээхэн сонирхолтой бөгөөд уншсан номоо задлан тайлбарлах асуулт даалгавар нь энгийн, ойлгомжтой байгаа нь аль ч ангийн сурагчдын хэрэгцээг хангаж байгаа ба багшийн үйл ажиллагаанд ихээхэн дэм тус болж байгаа юм.

Суралцагчид гарсан өөрчлөлт:

Хүүхэд тэмдэглэлээ хөтөлж, эцэг эхтэйгээ хамтран унших, уншсан номоороо мэтгэлцэх, үзэл бодлоо илэрхийлж бичих дур сонирхол нэмэгдэнэ. Хөтөлсөн

тэмдэглэлээрээ үзэсгэлэн гаргаж, бие биенийхээ зурж бичсэнийг үзэж, уншиж, нэгнээсээ суралцах дуртай болдог.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, процесс:

Багш хэддүгээр ангид ямар ном уншуулахаа сайн сонгох, задлан шинжлэх даалгаврыг сонирхолд нь нийцсэн, нас биед нь тохирсон байдлаар боловсруулах, эцэг эхэд зарим даалгаврын хариултыг өгөх, хэрхэн үнэлэх нь хүүхэд, эцэг эхэд ойлгомжтой, оноог нарийвчлан гаргаж өгөх

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх орчин, нөхцөл:

Уран зохиолын хичээлээр, танхимын бус сургалтаар, бие даан уншиж судлах

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйл:

1-р хэсгийн даалгаварт уншсан зохиолын гол санааг 2-3 өгүүлбэрээр илэрхийлэх, номын агуулгаас таалагдсан хэсгээ зургаар илэрхийлээд зурсан зургаа тайлбарлах, зохиолоос таалагдсан үг хэллэгийг бичээд яагаад таалагдсанаа товч тайлбарлах, зохиолоос ямар сургамж авсан, түүнийгээ хэрхэн ашиглах бичих, эерэг ч бай, сөрөг ч бай нэг дүрийг сонгон сайн, муу шинжийг нь тодорхойлох, зохиолд өгүүлэгдэж байгаа газар орон, цаг үе, байгаль, орчныг зураглан бичих, эх дуурайн бичих, уншсан зохиолоо ярихад бэлтгэн төлөвлөгөө буюу асуулт гарган бичих, хэрвээ чи номын зохиогч байсан бол хэрхэн төгсгөх байснаа төсөөлөн бичих гэх мэт даалгаврыг гүйцэтгээд өөрийгөө үнэлэх, эцэг эх, багшаараа үнэлүүлэх юм. Эдгээр даалгавар нь хүүхдийн тусган хүлээж авах чадварыг хөгжүүлж, өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлэх чадвараа нэмэгдүүлж, аливааг ялган салгаж ойлгох, эрэмбэлэн төлөвлөх чадварыг сайжруулж, логик сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. Багш болон шалгагч эцэг эх дүгнэн зөвлөгөө бичиж өгнө.

2-р хэсгийн даалгаварт уншсан зохиолоосоо төрсөн сэтгэгдлээ бичих, зохиолын агуулгаас уран дүрслэлтэй үг хэллэг сонгон бичээд юуг дүрсэлсэн, хэрхэн яаж, ямар уран үг хэллэгээр илэрхийлснийг тайлбарлах, тулгуур үг, түлхүүр үгийг түүж бичих, гол санааг илэрхийлсэн мөр бадгийг олж бичээд сонгосон мөр бадгаа дуурайн бичих, уншсан зохиолоосоо цээжлэх 3-4 бадгийг хичээнгүй сайхан хуулж бичих зэрэг даалгаврыг гүйцэтгэн үнэлүүлэх юм. Эдгээр даалгавраар хүүхдүүд ямар нэгэн зүйлд анхааралтай хандаж, үнэлгээ өгөх, сэтгэгдлээ зөв, сайхан найруулж бичих, үгийн хүч чадал, уран яруу дүр дүрслэлийг ойлгохоос гадна үгийн баялагтай болох, тулгуур ба түлхүүр үгийг ялгах, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэх, хичээнгүй сайхан бичих зорилготой.

3-р хэсгийн даалгаварт эртний сургаалын зохиолоос сонгон оруулж өгөөд сургаалын зохиолд юу юуг сургамжлан дүрсэлснийг тодорхойлоод тухайн зүйлийг яаж, ямар үг хэллэгээр илэрхийлснийг тайлбарлах, алдаатай бичсэн үг хэллэгийг зөв болгон бичээд тохирох зөв бичих дүрмийг тайлбарлан бичих гэсэн гурван даалгаврыг гүйцэтгэн үнэлүүлнэ. Энэ даалгавар нь тэр бүр хүүхдүүд шимтэн уншаад байдаггүй эрт дээр үеэс манай ард түмэн үр хүүхэд, балчир нялхсаа багаас нь сурган хүмүүжүүлж ирсэн амьдралын “Цагаан толгой “ болсон сургаалын зохиолуудаас сонгон уншуулж, ач тус, дүр дүрслэлийг таниулахаас гадна зөв замаар зөв мөртэй явж, буруу үйлийг тэвчин буян хурааж, сурч мэдэх чин хүсэлтэй иргэн болон төлөвшүүлэхийг зорьсон юм. Энэ уншсан номын тэмдэглэлийг дунд ахлах ангийн 6-12-р ангийн сурагчдад 10 дахь жилдээ хэрэглэж байна. Манай хүүхдүүд энэ тэмдэглэлээ хөтлөхдөө маш сонирхолтойгоос гадна хүүхдийн ном унших хүсэл нэмэгдэж, бүтээлчээр ажиллаж дадсаныг ажигласан.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 12:39:03 Уншсан тоо:  124

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.