feature-top

Математикийн хичээлийг хэрэглээтэй холбож сурагчдыг хөгжүүлэх арга зүй

Н.Доржмаа, Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, лаборатори 1-р сургуулийн математикийн багш

fragmnn@gmail.com

Арга зүй, туршлагыг хэрэглэх хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн математикийн судлагдахууны болон бүх мэргэжлийн багш нар хичээлдээ туршин хэрэгжүүлэх боломжтой.

Гол онцлог, шинэлэг тал:

            Боловсролын хөгжилд хамгийн гол үүрэг гүйцэтгэгч нь бүх шинжлэх ухааны хаан болсон математик гэдгийг ухаарч уг хичээлийг сурагчдаар мэдлэг бүтээлгэн амьдрал ахуйтай холбон заах зайлшгүй хэрэгцээ болжээ. Математикийн хийсвэр онолыг заахаас татгалзан хүүхэд бүрийг өөрийн чадварт суурилан, хэрэглээтэй холбож хүүхэд нэг бүрийг жигд нийтээр нь хөгжүүлэх боломжтой.

            Сурагчид насандаа тохирсон жижиг судалгаа хийж, бүтээлчээр хамтарч ажиллан мэдлэг бүтээх үйлд суралцаж байгаагаараа ач холбогдолтой. Төрөл бүрийн судалгаа, авсан шалгалтын үнэлгээ дүгнэлтээс харахад манай сурагчид жиших, харьцуулах, бүтээх, нөхөх, тооцоолол хийх зэрэгт тааруухан байдаг нь бидний заах арга барилд өөрчлөлт гаргах зайлшгүй шаардлага байгааг харууллаа. Өөрөөр хэлбэл багшийн заасан хичээлийг сурагчид удалгүй мартдаг нь хичээлээ хэрэглээ болгож чадаагүйтэй холбоотой. Математик сургалтыг сайжруулж арга зүйгээ өөрчилснөөр сурагчдын математикийн хичээлд хандах эерэг хандлагыг хөгжүүлж, мэдлэгээ ашиглан бүтээлч ажил хийж, асуудлыг шийдвэрлэх аргад суралцуулан бүтээлч сэтгэхүй хөгжүүлэх тал бүрийн авъяас чадварыг нээхэд чухал алхам болох юм. Хүүхэд бүрийн сурч мэдэх математикийн үндсэн дөрвөн үйлдлээс гадна зэрэг дэвшүүлэх, язгуур гаргах, логарифмчлах үйлдлийг зайлшгүй суурь мэдлэг болгон сургахад хүүхдүүд өөрсдөө бүтээлчээр суралцан цаашид эдгээр үйлдэл дээр амжилттай суурилан суралцаж байна. Ер нь ямар ч хичээлийг хэрэглээ тал руу хандуулж бодлого дэвшүүлж, сэдэл төрүүлж, асуудал шийдвэрлүүлэх замаар шинэ мэдлэгийг багшийн чиглүүлэгтэйгээр бүтээх боломж бидэнд бий.

Туршиж, хэрэгжүүлсэн байдал:

            Сурагчдаар мэдлэг бүтээлгэн амьдрал ахуйтай болон бусад хичээлтэй холбон зааж сургах арга зүй нь сурагчдыг жигд хөгжүүлэх боломжтой байгааг харуулж байна. 2012 оноос эхлэн 6-12-р ангид рациональ тооны үйлдэл, зэргийн чанар болон квадрат болон n зэргийн язгуур, логарифм функцийн чанар сэдвийг заахдаа сурагчдаар мэдлэгийг бүтээлгэж язгуур гаргах болон логарифмчлах болон рациональ тооны үйлдлийг

·         Үгийн сүлжээ, оньсого таах, таавар зохиох, язгуур (логарифм) бүхий цаг зохиох

·         Бодлогын бүхий дүрс зохиож эвлүүлэх, сурагчдаар урвуу бодлого зохиолгох

·         Буухиа бодлого бодох, математик лото бодох

·         Язгуур гаргах алгоритм хэрэглэх

·         Гар утас, тооны машин, таблиц ашиглах

·         АХА зохиох, Би хэд вэ?, язгуур бүхий дартс тоглох, пирамид үүсгэх

·         Алтан хонх явуулах, 50 саяын уналт, бинго зохиох

·         Рациональ тооны үйлдэл, логарифм, язгуур, тригонометр илэрхийлэл бүхий дартс тоглох

·         Нөхөх, сонгох хариулттай тест зохиох

·         Илэрхийлэл бодож зураг зурж оньсого таах гэх мэтээр хэрэглээ тал руугаа хандлаа.

            Дадлага ажил орж сурагчид мэдлэг бүтээж байгаа нь тэдний сонирхолд нийцсэн, логарифмын чанарыг мартахааргүй хичээл болдог. Логарифмийн чанаруудыг онолын баталгааг хийхээс өмнө калькулятор ашиглан таамаглуулах дадлыг хийсэн нь сурагчдад маш сонирхолтой байж чадлаа. Жишээ нь: lg5+lg8 ба lg40 , lg56-lg8 ба lg7, lg16 ба 4lg2 гэх мэт тоонуудыг тооны машин ашиглан жиших даалгавар өгч ажиллуулахад сурагчид логарифмчлах үйлдлийн чанаруудыг багийн гишүүд хамтран гаргаж асуудал шийдвэрлэж чадаж байлаа.

            9-10-р ангид “Квадрат функцийн график” сэдвийг заахад график зурах олон аргыг хэрэглэн сурагчдаар мэдлэгийг бүтээлгэж зуруулж функцийн утга, тодорхойлогдох муж, утгын муж олох, өсөх буурах завсрыг олж сурах, параболын салаа хотгор, гүдгэр байх нөхцөл, налалтыг хэрхэн тооцох, тэгш хэмийн тэнхлэгийн шулуун хэрхэн зурагдах, оройн цэг, хамгийн их ба доод цэг гэж юуг хэлэх, хэрхэн нэрлэх графикаас функцийн ойролцоо утгыг тооцоолж олох гэх мэт иж бүрнээр нь судлуулж мэдлэгийг сурагчид бүтээснээ параболоор зурагдах хүн, амьтны болон эд хэрэгслийн дүрсийг зурж мэдлэгээ баяжуулснаар сурагчдын зурах, дүрслэх болон хараа, орон зайн чадвар хөгжихөд сайн нөлөөлж чадлаа. Сурагчид 30-40 парабол байгуулж тэмээ, эмэгтэй хүн, мэлхийг зурж байгаа нь график зурах чадвар, дадал олж сурсныг харуулав.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлснээр гарсан өөрчлөлт, үр дүн:

Хичээл, үйл ажиллагаанд гарсан өөрчлөлт

·         Нэг сэдвийг олон янзаар туршин зааж гүн бат мэдлэг эзэмшүүлэх

·         Сэтгэн бодох ур чадварыг хөгжүүлэх

·         Математикаар харилцах чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухааны нэр томьёоны хэллэгийг зөв хэрэглэх, бичиж суралцах

·         Суралцагчийн бүтээлч байдлыг үргэлж дэмжих

·         Багшид сурагчдаа үнэлэх, сурагчид найз нөхдөө үнэлэх

·         Багш суралцагчдад асуудал шийдвэрлэх, эсвэл даалгавар хийх явцдаа өөрийн үзэл бодлоо томьёолох, дахин эргэцүүлэх боломжийг олгодог, мөн багшийн ачаалал багасдаг.

·         Багш нар хамтран сэдэв бүлгийн эцэст уралдаант ажлуудыг удирдамж гарган бэлдүүлж явуулснаар бодит үр дүнд хүрлээ.

Суралцагчдад гарсан өөрчлөлт

·         Багаар хамтран суралцах үйлд суралцах

·         Сурагчид сэтгэл ханамжтай байх, хоцрогдолгүй суралцах

·         Сурах хандлага, бие даах чадвар нь нэмэгдэх

·         Дүрслэх зурах чадвартай болж, нягт нямбай ажиллагаанд суралцах

·         Сурагчдид бие биедээ туслах

·         Сурагчид нийтээрээ хөгжих боломж дэвшил гарч, өөрсдийн бүтээлээрээ бахархах гэх мэт үр дүнд хүрлээ.

Арга зүй, туршлагыг хэрэгжүүлэх аргачлал, процесс:

            Багшийн өгсөн мэдээлэл, чиг баримжаа нь сурагчид идэвхтэй үйл ажиллагаа гүйцэтгэсний үр дүн болж бүтээгддэг.

6-р ангид рациональ тооны үйлдлүүд, хялбар тэгшитгэл

7-р ангид рациональ тооны үйлдлүүд, шулууны график

8-р ангид олон гишүүнт, түүн дээр хийх үйлдэл, үндсэн томьёонууд, түүний хэрэглээ

9-р ангид квадрат язгуур, тэгшитгэл, бутархай илэрхийлэл

10-р ангид n зэргийн язгуур, квадрат функц түүний график

11-12-р ангид логарифм, тригонометр илэрхийлэл, уламжлал, интеграл зэрэг сэдвүүдийг заасны дараа сурагчдад дадлага ажил хийлгэхэд математикийн хичээлийн үндсэн суурь нь тавигдаж бусад сэдвүүдийг заахад хялбар болно гэдгийг харуулж чадлаа. Математикийн хэрэглээний програм ашиглан онолын агуулга ихтэй хүндэвтэр хичээл заахад сонирхолтой, итгэл үнэмшилтэй, мартагдахааргүй болж байгааг харуулж байна. Ингэж зааснаар багшид ажлын ачаалал ихсэхгүй, сурагчдын сурах сонирхол улам ихсэж үндсэн гол агуулгыг эзэмших чадвар нэмэгдэх юм. Үнэхээр л сонссон хүн мартдаг, үзсэн хүн санадаг, хийсэн хүн сурдаг ажгуу. Үүнийг л багш нар ажилдаа хэрэгжүүлж чадвал сурагчид нь дагаж хөгжөөд мэдлэг бүтээхийн төлөө чармайн суралцах нь.дамжиггүй. Үнэхээр л сурагч юу хийж буй нь багш юу хийж буйгаас илүү чухал.

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-23 12:22:51 Уншсан тоо:  235

Таг:

Ангилал: Зөвлөх багш нарын туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.