feature-top

“ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХИЧЭЭЛ” САНААЧЛАГАД МОНГОЛ УЛС НЭГДЭХ

“Дэлхийн хамгийн том хичээл” санаачлага НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгуулага буюу ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон байгууллагуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш дэлхийн олон оронд хэрэгжиж байна.

Уг санаачлагыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар батлагдсан “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг хүүхэд, залуучуудад таниулах, тэднийг татан оролцуулах зорилгоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаа юм. Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь 2030 он хүртэлх хугацаанд ядуурал, өлсгөлөнг устгаж, улс орнуудын дотоодын болон улс хоорондын тэгш бус байдлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, эмэгтэйчүүд, охидын эрх мэдлийг нэмэгдүүлэх, гараг ертөнц, байгалийн нөөцийг хамгаалахаа илэрхийлсэн 17 зорилго, 169 зорилт, 300 гаруй үзүүлэлтээс бүрддэг билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг, тэр дундаа бүх хүмүүсийн сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үндэсний хөгжил болон чадавхийн төрөл бүрийн түвшинг харгалзан бүрдүүлэхээ дэлхийн улс орнууд илэрхийлэн биелэлтийг хангах чиглэлд тус бүрдээ ажиллаж байгаа билээ. 

Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хүүхэд, залууст таниулах “Дэлхийн хамгийн том хичээл”-д ашиглагдах сургалтын материал нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг бүхэлд нь болон зорилго тус бүрээр дөрвөөс дээш насны хүүхэд, залууст насны ангиллыг харгалзан ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр боловсруулсан комик буюу зурагт ном, зурагт хуудас, видео болон анимэйшн бичлэг зэрэг хэлбэрээр хийгдсэн байна.

4-6, 6-8, 8-11, 11-14, 14+ гэсэн насны ангиллаар 30-75 минутын хичээлийн загвар төлөвлөгөөг багш нарын бэлтгэн ирүүлсэн төлөвлөгөөнүүдээс тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон улсад өрнөж буй өдөр тутмын энгийн амьдралын жишээнээс ашиглан тайлбарлаж, асуулт, хариулт, дасгал ажиллуулах хэлбэрээр хамгийн оновчтой, сонирхолтой байдлаар хичээлээ төлөвлөснийг нь сонгон шалгаруулж авчээ.

Дээрх сургалтын материалуудыг энэхүү санаачлагад зориулан тусгайлан үүсгэсэн http://worldslargestlesson.globalgoals.org/ цахим хуудсанд байршуулсан. Одоогийн байдлаар уг цахим хуудаснаа байршуулсан сургалтын материал 40 гаруй хэлээр орчуулагдан ашиглагдаж байна.

2018 оны байдлаар уг санаачлагад 106 орон нэгдэн орсон бөгөөд 40 гаруй хэлээр мянга мянган хүүхдэд хичээл орон цахим хэвлэл мэдээллийн орчинд 893272 хүүхэд, залуусаас гадна 183000 хүмүүст хүрч, нийтдээ хагас тэрбум хүн үзсэн гэсэн тоо баримт бий.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс НҮБ-ын Хүүхдийн сан, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвсэлтэй хамтран нийт 370 гаруй хуудас 33 хичээлийн загвар төлөвлөгөө, нэг зурган комик ном, хоёр видео танилцуулгыг орчуулж энэхүү санаачлагын цахим хуудаснаа http://cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/Mongolian-content-12.pdf монгол хуудас үүсгэн байршуулаад байна.

Энэхүү хичээлүүд нь одоогийн байдлаар Олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдсан Монгол улсын ерөнхий боловсролын сургуулиудад танилцуулагдаж эхлээд байна.

Энэхүү санаачилгыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дэмжиж http://esd.itpd.mn/index.php?r=content%2Fcat-list&catid=69 холбоосоор хичээлүүдийг түгээж байна

Нийтэлсэн:      Огноо: 2019-04-22 10:50:22 Уншсан тоо:  522

Таг:

Ангилал: Цэс-Сайн туршлага

Энэхүү вэбсайтыг Швейцарийн хөгжлийн агенлагийн санхүүжилтээр бүтээв. © 2019 БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИНСТИТУТ. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.