ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ХЭМЖИХ НЬ

Тогтвортой хөгжлийг хүний хөгжлийн индекс, экологийн ул мөр гэсэн хоёр үндсэн үзүүлэлтээр хэмжиж болно.

Нэг. Хүний хөгжлийн индекс” (ХХИ) нь тухайн улсын иргэдийн эрүүл саруул, урт удаан наслах, эрдэм мэдлэг эзэмших, амьжиргааны зохистой нөхцөлд аж төрөх гэсэн үндсэн 3 үзүүлэлтээр дүгнэдэг цогц индекс юм.

Урт удаан, эрүүл амьдарч байгаа байдлыг нь дундаж наслалт (хүний амьдрах хугацаа)-аар, эрдэм мэдлэг эзэмших байдлыг суралцсан дундаж хугацаа болон суралцах хугацаагаар, амьжиргааны зохистой түвшнийг нэг хүнд ногдох үндэсний орлогоор тооцдог байна.

НҮБ-аас ХХИ нь 0.8-аас дээш байвал “маш өндөр”, 0.7 байвал “өндөр” гэж үздэг. Харин 2019 онд Монгол улсын ХХИ нь 0.737 буюу дэлхийн улс орнуудтай харьцуулахад 99 дүгээр байранд жагссан байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://hdr.undp.org/en/content/latest-human-development-index-ranking холбоосоор орж танилцах боломжтой.

Хоёр. Дараагийн үзүүлэлт нь “Экологийн ул мөр” юм. Экологийн ул мөр нь хүний амьдралыг тэтгэхэд шаардагдах экосистемийн хэмжээг (орон зай, газар, ус, агаар гэх мэт) “дэлхийн га” гэсэн нэгжээр илэрхийлсэн үзүүлэлт юм. Энэ нь хүмүүс байгалийн нөөцийг хэр хурдан хэрэглэж, ямар хог хаягдал гаргаж байгаа, түүнийг байгаль ямар хурдацтайгаар шингээж эсвэл задалж байгаагаар илэрхийлэгдэнэ.

Экологийн ул мөр улс орон бүрд ялгаатай. Экологийн ул мөрийг тодорхойлсноор улс орнуудын хүн амын хэрэглээний ялгааг илэрхийлж болно. Экологийн мөрийг 5 үзүүлэлт (1. газар тариалан, бэлчээр, ХАА-д ашиглах үржил шимт хөрстэй газар, 2-т далайн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл буюу загас агнуурын бүс, 3-д хот суурин, барилгажсан талбай, замын сүлжээ, 4. Ойн талбайн өөрчлөлт)-ээр илэрхийлэх ба байгалийн нөөцийг ашиглаж байгаа болон үүссэн хог хаягдлын устаж буй дундаж хэмжээ юм. Экологийн ул мөрийг нэг хүнд ногдох дэлхийн га талбайгаар эсвэл “Дэлхий”-н тоогоор хэмжиж болох бөгөөд энэ нь хүн төрөлхтнийг тэтгэхэд хэчнээн “Дэлхий” шаардлагатай болохыг илэрхийлдэг.

Экологийн ул мөр нь хувь хүн, засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн нөөцийн эрэлтийг дэлхийн биологийн нөхөн сэргэх хүчин чадалтай харьцуулдаг цорын ганц үзүүлэлт юм.

Экологийн ул мөрийн тооцооллоор дэлхийн нөөц баялгаас хэр хэмжээтэйг бид ашиглаж байна, энэхүү хэрэглээгээ тогтвортой хэрэглээ мөн үү үгүй юу гэдгийг гаргадаг. Хүн төрөлхтөний экологийн ул  мөр нь улс болгонд, тэр ч байтугай тухайн улсын доторх нийгмийн бүлэг бүхэнд өөр өөр байх хэдий ч өндөр хөгжилтэй орнуудын хувьд хөгжиж буй орнуудаас илүү хэмжээний экологийн ул мөр үлдээж байна.

Нэг хүнд ногдох экологийн ул мөр нь 1.6 га-аас бага байх нь нөөцийн эрэлтийг дэлхийн хэмжээнд давтагдах боломжтой болгодог. Гэсэн хэдий ч популяци нэмэгдэж, зэрлэг амьтдын био чадавхийн хэрэгцээг харгалзан үзвэл дэлхий даяар нэг хүнд ногдох экологийн ул мөр нь энэ босго хэмжээнээс мэдэгдэхүйц доогуур байх ёстой.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.footprintnetwork.org/ холбоосоор орж танилцах боломжтой.

Эдгээр хоёр үзүүлэлтийг нэгтгэснээр дэлхийн хэмжээнд хүн төрөлхтний тогтвортой хөгжлийг хангах наад захын нөхцөлүүд тодорхой болж, бид “хайрцаг дотроо бодох” шаардлагатай байгааг харуулж байна.

Дэлхийн дээр амьдарч буй иргэн бүр өөрийн экологийн ул мөрийг тооцоолох боломжтой бөгөөд та дараах холбоосоор хандаж, тооцоолоорой. https://www.footprintcalculator.org/home/en

Сэтгэгдэл