ESD > Танилцуулга

Танилцуулга

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ-2030-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД ХИЙСЭН АЖЛЫН ТАНИЛЦУУЛГА

    2023.06.19

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний 2015 оны 9 дүгээр сард зохион байгуулагдсан чуулга уулзалтаар 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлт бүхий 2030 он хүртэл Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор манай улс 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр УИХ-ын 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 (ТХҮБ-2030)-ыг 4 бүлэг 44 зорилттойгоор баталж хэрэгжүүлж ирсэн. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын 52 дугаар тогтоолоор “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөтөлбөрийг батлахдаа “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын үр дүнг илэрхийлэх үзүүлэлтүүд, Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтууд нь агуулгаараа “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан учир УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон.

    НҮБ болон ЮНЕСКО-ийн баримт бичгүүдэд боловсролыг тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх гол хэрэгсэл гэж тодорхойлоод тогтвортой хөгжлийн боловсролын асуудлыг дэвшүүлсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн “Тогтвортой хөгжил хүн бүрт хамаатай, газар бүр хэрэгжих учиртай нийгэм бүхэлдээ өөрчлөн шинэчлэгдэх үйл явц юм. Иймээс байнгын шинэчлэл бүхий энэхүү үйл явцыг хэрэгжүүлэх арга зам нь Тогтвортой хөгжлийн боловсрол юм” гэсэн байдаг.

    Тиймээс манай Засгийн газар Тогтвортой хөгжлийн боловсролд ач холбогдол өгч 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийг баталж, 2018-2020 он, 2021-2022 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж энэ хөтөлбөрийн 2022 оноор дуусгавар болсон. Мөн түүнээс гадна манай улсад тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэврүүлэх, нутагшуулах, улмаар тогтвортой хөгжлийн эрх зүй, институцийн орчинг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Швейцарийн хөгжлийн агентлаг “Тогтвортой хөгжлийн боловсрол I, II” төслийг амжилттай хэрэгжүүлж энэ 2023 онд дуусаж байна. Төслийн хүрээнд GIZ, WWF зэрэг донор байгууллагуудын дэмжлэгтэйгээр ерөнхий боловсролын 30 лаборатори сургуулиудад Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг нэвтрүүлэх ажлыг хийж, зорилтот аймгуудын 100 гаруй дунд сургуулийг хамруулан “Эко сургууль”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийсэн. Мөн түүнээс гадна ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сургалтын хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг суулгаж, шийдвэр гаргагчид, олон нийтийн тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролын үзэл санааг ойлгуулах, энэ талын мэдлэг олгох ажлыг хийж төсөлд хамрагдсан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлж ажилласан байна.

    Цаашдаа боловсролын бүх түвшний хөтөлбөрт ТХБ-ын үзэл санааг тусгах, тэр ч байтугай бүх салбарын мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрт ч энэ үзэл санааг нэвтүүлэх ажил чухал байгаа юм. Түүнээс гадна төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, мөн иргэн хүн ч шийдвэр гаргахдаа хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, сөрөг үр дагавар гаргахгүй байх, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зэрэг ухамсар, зан үйл төлөвшүүлэх ажил хийх хэрэгтэй байна.

    Засгийн газрын 2018 оны 209 дүгээр тогтоолоор баталсан “ТХБ-ын үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжих хугацаа 2022 онд дууссан, Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэй хэрэгжиж буй “ТХБ-II төсөл”-ийн хэрэгжих хугацаа мөн дуусаж байгаа, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн 2030” хөтөлбөр, “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг зэрэг нь хэрэгжиж дуусах хугацаа болоогүй байгаа учраас Тогтвортой хөгжлийн боловсролын зорилгын хэрэгжилтийг хариуцсан салбар дундын зохицуулалт хийх институци бий болгох шаардлага зүй ёсоор бий болж байна.

    “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн хүрээнд ногоон хөгжлийн бодлогоо тодорхойлсон 6 аймаг 2 дүүргийн нийт ерөнхий боловсролын 30 сургуульд оролцогч талуудын оролцоотойгоор Тогтвортой хөгжлийн боловсролыг цаашид хэрхэн институтчилэх талаар тодорхой үр дүнд хүрсэн ажил хийж, энэ үзэл санааг зарим орны туршлага дээр тулгуурлан ЗГ-ын тогтоолын төсөл боловсруулж 2 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан.

    Монгол Улсын Засгийн газраас боловсруулж буй 2020-2030 онд хэрэгжүүлэх хөгжлийн 7 зорилтот хөтөлбөрийн хэсэг болох “Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр”, “Байгаль орчны зорилтот хөтөлбөр”-ийн үзэл баримтлал, зорилго, зорилт, бодлогын хувилбарт ТХБ-ыг түгээн дэлгэрүүлэх ажлыг төлөвлөн тусгах шаардлагатай байна. Цаашид гадаадын зарим орны туршлага болон өөрийн оронд өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн үр дүн, ололт амжилт, сайн туршлагад тулгуурлан “Тогтвортой хөгжлийн боловсролын үндэсний зөвлөл”-ийг Засгийн газрын тогтоолоор байгуулж ажиллуулах нь зүйтэй байна. Мөн Үүнд ЭЗХЯ, БШУЯ, БОАЖЯ манлайлан ажиллах хэрэгтэй.

    БШУЯ 2022 онд ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 206 дугаар хурал, ЮНЕСКО-гийн 40 дүгээр Ерөнхий бага хурлаар боловсруулж баталсан “ТХБ-2030 замын зураглал”-ыг орчуулж, сургалтын байгууллагуудын сургалт, үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлуудыг эхлүүлээд байна. ТХБ-2030 нь чанартай, инклюсив боловсролын тухай ТХЗ 4, ялангуяа 4.7-д товлосон зорилт болон ирээдүйн төлөө хүлээх хариуцлагын төв нь болсон холбогдох боловсролыг олгох замаар бусад бүх ТХЗ-д шууд хувь нэмэр оруулна гэж үзэж байгаа.

    Монгол Улсын Засгийн газар болон Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 2016-2019 онуудад “Тогтвортой хөгжлийн боловсрол-I”, 2020-2023 онуудад “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл хэрэгжсэн. Энэ хугацаанд дараах ажлууд хийгдсэн. Үүнд:

    1. 2016 онд БСШУСЯ-ны сайдын А/458 дугаар тушаалаар Ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд ТХБ-ын үзэл санааг тусган хэрэгжүүлэх чиглэл, шаардлагыг боловсруулж хэрэгжүүлсэн.
    2. 2018 онд Ерөнхий боловсролын сургалт, үйл ажиллагаанд ТХБ-ын үзэл санааг тусган хэрэгжүүлсэн үр дүнд судалгаа шинжилгээ хийж, ТХЗ-ын төлөөх боловсролыг суралцахуйд интеграцчилах арга зүй номыг хэвлүүлсэн.                               2014-2023 онуудад үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа сургалтын цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтыг боловсролын түвшингээр авч үзвэл, Бага боловсролын 142 (25.0%), Суурь боловсролын 217 (38.3%), Бүрэн дунд боловсролын 208 (36.7%) суралцахуйн зорилт тус бүр Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх боловсролд хамаарч байна. Сургалтын цөм хөтөлбөрөөс тодорхойлогдсон суралцахуйн зорилтын 46.7% нь танин мэдэхүйн айд хамаарч байна. Ерөнхий дүнгээр боловсролын түвшингээс үл хамааран сургалтын цөм хөтөлбөрт ТХБ-ын интеграцчилал жигд боловч ТХЗ тус бүрийн онцлогоос хамаарч боловсролын түвшингүүдэд харилцан адилгүй интеграцчилагдсан байна” гэсэн үр дүн гарсан байна.[1]
    3. “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөл нь Монгол Улсад анх удаа өвөрмөгц бүтэцтэйгээр буюу Техникийн Зөвлөн Зохицуулах Үндэсний 11 байгууллагад түшиглэн тэдний хамтын үйл ажиллагаа, оролцоонд суурилан хэрэгжсэн бөгөөд цаашид  хүрсэн үр дүн, ололт амжилтыг үндэсний түвшинд хадгалж үлдээх үүднээс 2021-2023 онуудад  “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний чуулганыг 3 удаа зохион байгуулсан бөгөөд түүнд 100 гаруй байгууллага, 110,000 гаруй оролцогчид хамрагдсан.
    4. 2019-2023 онуудад 33592 багш, үнэлгээний мэргэжилтэн, 8153 сургуулийн удирдах ажилтан, 396 орон нутгийн удирдах ажилтанд сургалт зохион байгуулж, ТХ, ТХБ-ын мэдлэг мэдээлэлийг түгээсэн.
    5. Макро, мезо, микро түвшний ТХБ-ын институтчилэлийн туршлагатай танилцах, бодлогыг үр өгөөжтэй тодорхойлох, ТХ-ийг боловсролын тогтолцоондоо үр дүнтэй интеграцчилах, сургуулийн түвшинд “сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага” (СБААХ)-ыг хэрэгжүүлэх, туршлага хуримтлуулах, Монгол улсад зарим туршлагыг нутагшуулах зорилгоор төслийн  Техникийн Зөвлөн Зохицуулах Үндэсний 11 байгууллагын төлөөлөл ХБНГУ, Швед, Швейцарь улсад туршлага судалсан.
    6. Үндэсний болон орон нутгийн түвшинд 4 бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулсан байна. Үүнд:
      1. ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр ТХБ-ыг хөгжүүлэх Монгол Улсын улс орны санаачилгыг боловсруулсан
      2. Байгаль орчны менежмент, Ногоон ажлын байрны стандарт батлагдсан.
      3. МХЕГ (хуучнаар)-ын сургуулийн орчны үнэлгээний хуудсыг “сургууль бүхлээрээ ажиллах арга хандлага”-ын өөрийн үнэлгээний хуудаст нийцүүлэн ТХ, ТХБ-ын  үзэл санааг тусган боловсруулж батлуулсан.
      4. Ховд аймгийн ТХБ-ын төлөвлөгөө батлагдсан.
    7. Esd.mn цахим платформыг хөгжүүлж, Тогтвортой хөгжлийн боловсрол ба Дэлхийн иргэний боловсролын  8 сэдвээр боловсруулсан цахим сургалтын модуль, 10 дугаар бүхий цахим сонин, 85 видео нэвтрүүлэг, ярилцлага, подкаст,  28 хэвлэмэл материалыг олон нийтэд хүргэсэн.
    8. Монгол Улсын хөгжлийн бодлого болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд баримтлах бодлогын болон сургалтын үндсэн баримт бичгүүдэд ТХ, ТХЗ, ТХБ тусгагдсан эсэхийг илрүүлэх чиглэлээр 6 судалгаа хийж, шинэ сургалтын хөтөлбөрт ТХ, ТХБ-ын үзэл санааг тусган хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулсан.
    9. Тогтвортой хөгжлийн боловсрол-II төслийн хүрээнд загвар 30 сургуулийг сонгож, СБААХ-ыг нэвтрүүлэхийн тулд сургуулийн өөрийн үнэлгээний хяналтын хуудсыг боловсруулж, туршсан. Төслийн загвар 30 сургууль нь тухайн орон нутаг, сургуулийн нийгэм, эдийн засаг болон хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн 130 жижиг төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэ үйл ажиллагаанд орон нутгийн иргэд, эцэг эх олон нийтийг татан оролцуулж чадсан юм. Мөн хэрэгжүүлсэн жижиг төслөө цаашид тогтвортой авч үлдэхийн тулд сургуульд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалт, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.
    10. МҮОНТ-ээр 2021,2023 оны “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл” үндэсний чуулганы үйл ажиллагааг шууд нэвтрүүлэхээс гадна өглөө хөтөлбөрөөр жендэр, хүний эрхийн боловсрол, хүрээлэн буй орчны тогтвортой байдал болон загвар 30 сургуулийн хэрэгжүүлсэн тухайн орон нутгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны асуудлыг шийдвэрлэсэн  жижиг төслийн үр дүнг  давталттайгаар нэвтрүүлж олон нийтэд хүргэсэн.

    Сүүлийн жилүүдэд хийсэн судалгааны дүгнэлт, зөвлөмжөөс харахад Монгол Улсад ТХ, ТХБ-ыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа боловч хэрэгжилт, үр дүн хангалттай биш байна гэж үзэхээр байна. Цаашид эдгээр судалгааны дүгнэлт саналд тусгагдсан (i) тэгш хамран сургалт, боловсрол дахь ялгаатай хэрэгцээ (ii) монгол хүүхдийн заавал эзэмших цогц чадамж, (iii) боловсролын бүх түвшний хүний нөөц, (iv) насан туршийн боловсрол зэрэг үндсэн нийтлэг асуудал болоод энэ чиглэлээр өгсөн санал зөвлөмжийг бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчилэхэд анхаарах шаардлагатай байна.

    СБААХ-ыг туршин хэрэгжүүлсэн нь сургуулийн хамт олны хандлага, ойлголтыг өөрчлөх хамгийн том сорилт байв. Сургуулийн удирдлага, шийдвэр гаргах үйл явцад хүн бүрийг оролцуулснаар сургуулийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж болох бөгөөд сургууль бүрийн төлөвлөгөө нь өөрийн өвөрмөц нөхцөл байдалд тохирсон байх шинэ соёлыг Монгол улсын бүх сургуулиудад нэвтрүүлэх нь чухал юм.

    ЮНЕСКО-гийн дэмжлэгээр боловсруулсан “ТХБ-ын Улс орны санаачилгыг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020-2023 онд хэрэгжиж буй ТХБ-II төслийн явц, үр дүнд үндэслэн, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх санамж бичигт ТХБ-II төслийн ТЗЗҮБ-ийн 8 байгууллага гарын үсэг зурж хамтран ажиллах болсныг дэмжиж, цаашид ТХБ-ын институтчилэлийн бүтцийг бий болгох нь чухал юм.

    [1] БХ. (2021). Дэлхий нийтийн түвшинд болон Монгол улс дахь ТХ ба ТХБ-ын хөгжлийн замнал. Хөтөч ном